СУРВАЛЖИЛГА: Их эзэн Чингис хааны сүлд, Алтан ургийн хаадын шүтээн амьтан болох цагаан шонхор Чингис хаан музейн оройд залардаг

СУРВАЛЖИЛГА: Их эзэн Чингис хааны сүлд, Алтан ургийн хаадын шүтээн амьтан болох цагаан шонхор Чингис хаан музейн оройд залардаг

Их хаадын түүх, төрт ёсны өвийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор байгуулагдсан "Чингис хаан" үндэсний музей 2022 оны аравдугаар сарын 11-нд үүдээ нээсэн. Түүнээс хойш дотоод, гадаадын жуулчдын хамгийн их зорин ирдэг соёлын төвүүдийн нэг болжээ. Гэвч энэ музейг зөвхөн үзмэр дэлгэн харуулдаг орон зай гэж ойлгох нь учир дутагдалтай.

ВИДЕО:

Музейн хамгийн дээд давхарт Их эзэн Чингис хааны алтан шүтээн залран оршдог. Монголчуудын дунд энэхүү шүтээнийг Их эзэн хааныг бэлгэдсэн ариун дурсгал хэмээн хүндэтгэх уламжлал тогтож, сар шинийн шинийн нэгэнд хүндэтгэл үзүүлэх ёс сүүлийн жилүүдэд сэргэсэн. Өнгөрсөн оноос эхлэн төрийн гурван өндөрлөг ч Их эзэн хаанд хүндэтгэл үзүүлэх болсон нь энэ уламжлалын нэгэн илэрхийлэл юм. 

Харин музейн хамгийн дээд хэсэгт, алтан шүтээний оройд залрах цагаан шонхор нь зочдын анхаарлыг төдийлөн татдаггүй ч хамгийн утга агуулгатай дүрслэлийн нэг ажээ. Энэ нь энгийн нэгэн уран бүтээлийн чимэглэл бус, Их эзэн Чингис хаан болон Алтан ургийн хаадын сүлд амьтан, Монголын төрт ёсны үзэл санааг илэрхийлсэн олон давхар бэлгэдэлтэй бүтээл юм.

Монголын ууган сурвалж болох "Монголын нууц товчоо"-нд өгүүлснээр Есүхэй баатар хүү Тэмүүжинтэйгээ Хонгирадын Дэй Сэцэнтэй уулзахад Дэй Сэцэн өмнөх шөнө цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг савартаа атган нисэж ирээд гар дээр нь буулгаж өгсөн зүүдээ ярьдаг. Тэрээр энэхүү зүүдийг Мөнх Тэнгэрийн ивээл, ирээдүйд дэлхийг нэгтгэх их хаан төрөхийн дохио хэмээн бэлгэшээж, охин Бөртэгээ Тэмүүжинтэй сүй тавиулсан байдаг.

Мөн XVII зууны түүхэн сурвалж "Эрдэнийн товч"-д Чингис хааныг мэндлэх үед гэрийн тоонон дээр шонхор шувуу сууж, "Чингис" хэмээн дуудан ерөөсөн тухай өгүүлдэг. Судлаачдын тайлбарласнаар энэ нь шонхор шувууг Мөнх Тэнгэрийн хүслийг газар дэлхийд дамжуулагч, Их эзэн хааны сүлд амьтан болохыг бэлгэдсэн дүрслэл хэмээн үздэг.  Иймээс Чингис хааны алтан шүтээний оройд цагаан шонхор залруулсан нь санамсаргүй шийдэл биш юм. Шонхрын дээрх нар, сарыг дүрсэлсэн хийц нь Дэй Сэцэнгийн зөнт зүүдийг сануулж, Их эзэн хаан Мөнх Тэнгэрийн ивээл дор төрснийг бэлгэддэг гэж тайлбарладаг.

Энэ талаар "Чингис хаан" үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа хэлэхдээ"Дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хамгийн том хувь нэмрийн нэг нь XIII–XIV зууны Монголын эзэнт гүрний үе юм. Өнөөдөр ч дэлхий нийт Монголыг энэ түүхээр нь мэддэг. Харин тэр их улсыг байгуулсан хүн бол Их эзэн Чингис хаан. Түүний овог, Алтан ургийн хаадын сүлд амьтан нь цагаан шонхор болохыг олон түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Монголчууд ер нь шувууг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Харин Чингис хааны сүлд амьтан бол цагаан шонхор. Иймээс Их эзэн хааны алтан шүтээний оройд түүний сүлд амьтан болох цагаан шонхрыг байрлуулсан" хэмээн тайлбарлав.

Анхааралтай ажиглавал шонхрыг далавчаа дэлгэн нисэж буйгаар бус, тайван сууж буй байдлаар урласан байдаг. Судлаачдын үздэгээр энэ нь Чингис хаан тархай бутархай овог аймаг, ханлигуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төрт ёсыг бататган тогтоосон төдийгүй энх журам тогтоох их үйлсээ биелүүлсний бэлгэдэл ажээ. Алтан шүтээний бусад хийц ч мөн адил тус бүрдээ утга агуулгатай. Суурийг хэрэм, хамгаалалтын ханын хэлбэрээр урласан нь Хамаг Монголын нэгдэл, төр улсаа хамтдаа хамгаалах үзэл санааг илэрхийлдэг. Бүтээлийг бүхэлд нь алтаар урласан нь Их эзэн хааны байгуулсан төр, түүний өв мөнхөд оршихыг бэлгэджээ. Шүтээний цээжин хэсэгт шигтгэсэн оюу чулуу нь Монголчуудын эрхэмлэдэг есөн эрдэнийн нэг бөгөөд тэнгэрийн ариун ивээл, мэргэн ухаан, төрт ёсны ариун чанарыг илэрхийлдэг. Харин багц сум нь эв нэгдлийн бэлгэдэл юм.

Ийнхүү Чингис хааны алтан шүтээний бүхий л элемент санамсаргүй сонголт биш. Цагаан шонхор нь Алтан ургийн хаадын сүлд, нар сар нь Мөнх Тэнгэрийн ивээл, багц сум нь эв нэгдэл, суурийн хэрэм нь Хамаг Монголын нэгдэл, алтан хийц нь төрт ёсны мөнх оршихуй, оюу эрдэнэ нь мэргэн ухаан, ариун чанарыг тус тус илэрхийлдэг. Тиймээс "Чингис хаан" үндэсний музейн оройд залрах цагаан шонхор нь уран бүтээлийн нэгэн чимэглэл төдий бус. Энэ нь Монголын төрт ёс, түүх, соёл, үндэсний үнэт зүйлсийг нэгэн дүрслэлд шингээсэн бэлгэдэл бөгөөд Их эзэн Чингис хааны өв өнөөдөр ч монголчуудын эв нэгдэл, төрт ёсны дархлаа, үндэсний бахархлыг илэрхийлсэн үнэт өв хэвээр байгааг сануулсаар байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө