Кенна: ЛГБТ хүмүүсийн "ертөнц"-ийг иргэд ойлгохгүй яг өөр шиг нь байж, адилхан сэтгэх ёстой гэж тулгаад байдаг

Кенна: ЛГБТ хүмүүсийн "ертөнц"-ийг иргэд ойлгохгүй яг өөр шиг нь байж, адилхан сэтгэх ёстой гэж тулгаад байдаг

Нийгэмд өнөөг хүртэл ЛГБТ хүмүүсийн ялгаварлан гадуурхалт, тэдгийг гаж гэсэн бодол хөвөрсөөр л байдаг. Тэгвэл Big Sistas Comedy Crew-ийн уран бүтээлч, контент бүтээгч Кенна өөрийн үзэл бодол, амьдралын хэв маяг, хүний эрхийн асуудлаарх байр сууриа нээлттэй илэрхийлдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн. Тэрбээр СУИС-ийг дүрслэх урлагийн чиглэлээр төгсөж, АНУ-д жендэр судлалын чиглэлээр суралцаж эх орондоо эргэн иржээ.

Өдгөө тэрбээр хүний эрхийн салбарт ажиллахын зэрэгцээ комеди, сошиал контент бүтээлээрээ дамжуулан олон нийттэй харилцсаар байгаа билээ. Түүнчлэн ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгэм үүнийг зөвөөр хүлээлж авахад нь нэлээдгүй нөлөө үзүүлж буй нэгэн. Тиймээс бид түүнийг энэ удаагийн “Social ID” буландаа онцоллоо.

ВИДЕО:

-ХҮМҮҮС ТӨГС ХАРАГДАХ ГЭЖ ХЭТ ХИЧЭЭДЭГ БОЛСОН ЭНЭ ҮЕД ӨӨРӨӨРӨӨ БАЙХ НЬ ИЛҮҮ ҮНЭ ЦЭНТЭЙ-

-Сайн байна уу? танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Isee.mn сайтын бүх уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. Намайг Кенна гэдэг.

-Комеди урлагт хөл тавьж байсан үе тань ямар байсан бэ? Үүнээс хоёулаа яриагаа эхэлье.         

Анх комеди хийж эхэлж байхад энэ орчин бараг бүхэлдээ эрэгтэйчүүд давамгайлсан байсан. Open Mic-д очих бүрт шоолох, дооглох, үл тоох, заримдаа шууд гадуурхах хандлага мэдрэгддэг байлаа. Эмэгтэй хүн комеди хийх нь хүртэл ховор байсан болохоор өөрийгөө тэр орчинд багтаж чадахгүй юм шиг мэдрэмж төрөх үе олон байсан. Тэр бүхнээс болоод хэсэг хугацаанд комеди хийхээ бүр больсон. Гэхдээ тайзаа санасан. Эцэст нь дахин зориг гаргаж, эргэн ирсэн л дээ. Одоо бодоход тэр хүнд үе намайг илүү тэвчээртэй, өөртөө итгэлтэй болгожээ.

-Таны хувьд сошиал контент бүтээж эхэлснээс хойш гурван жил өнгөрсөн байна. Контентынхоо хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ?

Миний контент зохиомол дүр бүтээхээс илүү миний амьдралтай ойр байдаг. Би бараг хэзээ ч фильтер ашигладаггүй. Хүмүүс төгс харагдах гэж хэт хичээдэг болсон энэ үед өөрөөрөө байх нь илүү үнэ цэнтэй гэж боддог. Миний цахим хуудсууд бол нэг талаараа миний өдрийн тэмдэглэл. Тэнд би тухайн өдөр юу бодож байна, юу мэдэрч байна, ямар асуудалд эмзэглэж байна гэдгээ нуухгүй бичдэг. Магадгүй хүмүүс ч тэр бодит байдлыг нь илүү мэдэрдэг байх.

-ЛГБТ ХҮМҮҮСИЙГБАЙХ ЁСГҮЙМЭТЭЭР ОЙЛГОХ НЬ ТҮҮХ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААСАА Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ-

-Та өөрийн бэлгийн чиг баримжаагаа нээлттэй илэрхийлдэг шүү дээ. Энэ нь танд ямар хүндэрлүүд авчирч байна?

Би өөрийгөө лесбиян гэдгээ нуудаггүй. Энэ бол миний хэн болохын нэг хэсэг. Үүнээсээ ичих, нуух шаардлага надад байхгүй. Мэдээж цахим орчинд доромжлол, дайралт маш их ирдэг. Зарим хүн танихгүй мөртлөө үзэн ядаж, хараал бичиж, гутаахыг оролддог. Гэхдээ би тэр бүхэнд хэт анхаарлаа төвлөрүүлдэггүй л дээ. Хэрэв хүн бүрийн сэтгэгдэлд амьдралаа зориулбал өөрийнхөөрөө амьдарч чадахгүй биз дээ.

 

-ЛГБТ хүмүүсийн талаарх буруу ойлголт өнөөдөр ч байсаар байна л даа. Та энэ талаар бусдад юу гэж хэлэх вэ?

ЛГБТ хүмүүсийг “гаж”, “шинээр бий болсон үзэгдэл” гэж ойлгодог хүмүүс бий. Гэхдээ энэ нь зүгээр л мэдлэггүй хүний л ярих зүйл. Хүн төрөлхтний түүхэнд ч, шинжлэх ухааны судалгаанд ч ижил хүйстний харилцаа эртнээс оршин байсныг харуулсан баримтууд олон бий. Зөвхөн хүн гэлтгүй олон төрлийн амьтдын дунд ч ийм зан төлөв ажиглагддаг талаар судалгаа байдаг. Монголын түүх, соёлын зарим эх сурвалжид хүртэл энэ талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс ЛГБТ хүмүүсийг “байх ёсгүй” мэтээр ойлгох нь түүх, шинжлэх ухааны талаасаа ч үндэслэлгүй гэж боддог.

-Өөрөөсөө ялгаатай хүнийг хүлээн зөвшөөрөх тухайд нийгэмд ямар мессеж өгмөөр байна?

Нэг гэр бүлээс төрсөн ах, эгч, дүүс хүртэл өөр өөр зан ааштай, өөр үзэл бодолтой, өөр шашин шүтлэгтэй байдаг. Хүн бүр ижил байх боломжгүй. Тэгэхээр зөвхөн өөрөөсөө өөр учраас хүнийг гадуурхах нь утгагүй. Ялгаатай байх нь асуудал биш, харин тэр ялгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь асуудал гэж боддог.

Кенна гэдэг хүний хамгийн чухал зан чанар юу юм бол?

-Алхаж явахдаа хүртэл ирээдүйгээ төсөөлөөд явчихсан байдаг үе олон. Заримдаа хүмүүс намайг юм бодоод явж байна гэж харах байх. Миний бүтээлүүд ч тэр мөрөөдлөөс төрдөг байх. Хэрэв мөрөөдөхөө больчихвол амьдрах эрч хүчгүй болох юм шиг санагдаад айгаад байдаг юм. Мөн өөрөөрөө байх. Бусдад таалагдахын тулд өөрийгөө нууж, өөр хүн болж амьдрахыг хүсдэггүй. Хүн бүр өөрийнхөөрөө, айдасгүй амьдрах эрхтэй. Миний хувьд тэр эрх чөлөө л хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймээс бусдыг ч гэсэн гоё мөрөөдөлтэй байгаасаа, бусдын орон зайд бүдүүлэг битгий хандаасай л гэж хэлэмээр санагддаг даа.

Ярилцсанд баярлалаа.