Бүтэн нэг сар гаруй хугацааны турш дэлхий дахиныг нэгэн спортын дор нэгтгэж чадсан, хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн ДАШТ хөшгөө хаагаад хэдхэн хонож байна. Гэсэн ч спортын хөгжил болон манай улсын хөлбөмбөгийн тогоон доторх “маргаан” тэмцээн адил дуусчихгүй тул хөлбөмбөгийн ДАШТ-ийг хэний мөнгөөр үзэж буй тухай яриа хөгжөөн дэмжигчид урган гараад байгаа юм.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн "шилдэг хөгжөөн дэмжигч" хэмээн нэгэн цагт тодорхойлогдож байсан О.Дагвасүрэн нь 59 настай. Тэрбээр Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд "Төв буганууд" клубын менежерээр мөн ажиллаж байжээ.
- ГУРВАН УДАА ДАРААЛАН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ҮЗЭХ "АЗТАН" БОЛОВ -
О.Дагвасүрэн 2021 онд "Евро-2020" тэмцээнийг үзэж, Английн хэд хэдэн хотоор нийт 58 хоног аялсан байдаг. Аяллаасаа ирсний дараа тухайн үеийн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарт дурсгалын зүйл гардуулж байсан талаар мэдээлэл бий.

Харин 2022 онд Монголын хөлбөмбөгийн холбоо тухайн үед Дээд лигийн ерөнхий ивээн тэтгэгч байсан MonPay компанитай хамтран Катарын ДАШТ-ий 50 тасалбарыг азтануудад олгож байв. Эдгээр азтнуудын дунд мөн л О.Дагвасүрэн багтжээ.

Үүгээр ч зогсохгүй Монголын хөлбөмбөгийн холбоо тухайн оныхоо үнэнч хөгжөөн дэмжигчийг шалгаруулж, Д.Цэцэнбаатар, О.Дагвасүрэн нарт 2022 оны Катарын ДАШТ-ий тоглолт үзэх эрхийн бичгийг тухайн үеийн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар гардуулан өгч байсан юм.

Үүний зэрэгцээ Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гишүүн холбооддоо ДАШТ-ий тодорхой тооны тасалбар хуваарилдаг. Эдгээр тасалбарыг холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хамтран ажилладаг байгууллага, аймгийн холбоод, ахмад зүтгэлтэн, тамирчдад олгодог жишиг өмнөх удирдлагуудын үед байжээ. Харин энэ жил дээрх тасалбаруудын заримыг аяллын компаниудад худалдаалсан байж болзошгүй гэх мэдээлэл хөлбөмбөгийн хүрээнд яригдаж байна. Учир нь ДАШТ үзэх аяллын багц авсан зарим хүний тасалбар дээр "MFF" буюу Монголын хөлбөмбөгийн холбооны шошго байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
- ДАШТ- ИЙ ДӨРВӨН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫН ҮНЭ 100 САЯ ТӨГРӨГ -
Уламжлал ёсоороо О.Дагвасүрэн 2026 оны ДАШТ-ийг үзэхээр өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ыг зорьжээ. Тэрбээр үзсэн тоглолт бүрийнхээ зураг, бичлэг, сэтгэгдлийг өөрийн цахим хуудсаар тогтмол нийтэлсэн байна. Түүний цахим хуудсандаа мэдээлснээр цэнгэлдэх хүрээлэнд үзсэн тоглолтуудыг дурдвал,
Мексик- Чехийн тоглолтыг алдарт Ацтека цэнгэлдэх хүрээлэндээс үзжээ. Тус тоглолтын тасалбар ФИФА-гийн албан ёсны үнээр 160-450 ам.доллар (ойролцоогоор 575 мянга-1.6 сая төгрөг) байсан бол хоёрдогч зах зээл дээр 300-2,000 ам.доллар (ойролцоогоор 1.1-7.2 сая төгрөг) хүртэл өссөн байна. Энэ үед тэрбээр цэнгэлдэх хүрээлэнд орохын өмнө Монгол Улсын төрийн далбаагаа дэргэдээ газар тавьж, цэнгэлдэх хүрээлэнд сунаж мөргөн цементэн талбайг үнсэж буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлсэн нь тухайн үед олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Үүний дараа Филадельфид болсон Франц–Парагвайн шөвгийн 16-гийн тоглолтыг үзжээ. Уг тоглолтын тасалбарын албан ёсны үнэ 505-700 ам.доллар (ойролцоогоор 1.8-2.5 сая төгрөг) байсан бол хоёрдогч зах зээл дээр 900-1,700 ам.доллар (ойролцоогоор 3.2-6.1 сая төгрөг) хүрч арилжаалагдаж байв.
Түүнчлэн Франц- Мароккогийн шөвгийн наймын тоглолтыг ч цэнгэлдэх хүрээлэнгээс үзсэн байна. Энэхүү тоглолтын тасалбарын албан ёсны үнэ 450-1,775 ам.доллар (ойролцоогоор 1.6-6.4 сая төгрөг) байсан бол эрэлт нэмэгдсэнээр хоёрдогч зах зээл дээр 850-5,500 ам.доллар, өөрөөр хэлбэл 3.0-19.7 сая төгрөг хүртэл өсчээ.
Хамгийн сүүлд шүүмжлэл дагуулаад буй тоглолт болох Нью Жерси мужийн Ист Рутерфорд хотын 82,500 хүний суудалтай МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болсон ДАШТ-ий финалын тоглолтыг талбайд хамгийн ойр байрлах суудлын хэсгээс үзсэн байна. Энэ тоглолтын тухайд ФИФА-гийн динамик үнийн системээр финалын тоглолтын албан ёсны тасалбарын үнэ 5,785-10,990 ам.доллар буюу ойролцоогоор 20.8-39.5 сая төгрөг байсан бол хоёрдогч зах зээл дээр эрэлт хамгийн өндөр байсан тул 10,000-35,000 ам.доллар буюу ойролцоогоор 36-126 сая төгрөгийн хооронд арилжаалагдаж байжээ. Хамгийн гол асуудал нь түүний финалын тоглолтыг үзэхдээ МХБХ-ны тугийг урдаа өлгөсөн нь асуудал дагуулаад байгаа юм. Хөгжөөн дэмжигчдийн зүгээс ч мөн МХБХ-ны тугийг хэн ч хамаагүй ингээд авч явж болох юмуу гэсэн асуултыг мөн тавьж буй билээ.

Үүнээс гадна гадны улсад бүтэн сар тоглолт үзэхэд мөн дан ганц тасалбар төдийгүй байр, хоол, унааны мөнгө, дурсгалын зүйлсээс эхлээд чамгүй их зардал гарах нь ойлгомжтой. Мөн дэлхийн нөгөө талд байрлах АНУ- руу ирж буцах нислэгийн зардал нэмэгдэх учиртай. О.Дагвасүрэнгийн тухайд энэ мэт олон улсын тоглолтуудаас гадна Аваргуудын лиг зэрэг дэлхийн томоохон лигийн тоглолтуудыг ч мөн зорьж үздэгээрээ алдартай. Тэгвэл иргэдийн хувьд энгийн нэг хөлбөмбөг сонирхогч, "дасгалжуулагч" хүн ийм их хэмжээний зардал гарган жил бүр хөлбөмбөгийн тоглолт үзэхээр дэлхийн том хотуудыг зорьдог нь хардлага төрүүлж байгааг илэрхийлээд байгаа юм.
Харин О.Дагвасүрэн өөрөө болон түүний ойрын хүрээллийнхэн эдгээр аяллаа өөрийн мөнгөөр хийсэн хэмээн тайлбарладаг. Тэр ч байтугай "уул уурхайн компанитай" хэмээн хаацайлдаг аж. Гэвч нөгөө талд нь өөр эх сурвалж "Төв аймгийн шигшээ баг Үндэсний цомын тэмцээнд оролцохоор явахдаа хоолны мөнгөгүйгээс талх, элэгний нухашаар хооллодог байсан" хэмээлээ.
- "О.ДАГВАСҮРЭН МХБХ-Г "ӨМӨӨРЧ", ШАГНАЛД НЬ ТАСАЛБАР АВДАГ"
МХБХ-ны удирдлага, зохион байгуулалт муу байгаа асуудал хэн бүхний шүүмжлэлийг дагуулсаар багагүй хугацааг өнгөрүүлж байгаа. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд шигшээ баг олон улсын тэмцээнд оролцохгүй болж, дотоодын лиг ч мөн шагналын мөнгөө аваагүй, ажилчид нь цалингаа авч чадахгүй, дээд лигийн аварга баг нь хүртэл санхүүгийн бэрхшээлээс үүдэн цаашид тоглох боломжгүй болсон дүр зурагтай байгаа юм. Тэгвэл О.Дагвасүрэн өнгөрсөн жил өөрийн цахим хуудсаараа дамжуулан "МХБХ ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд элссэнээс хойших 26 жилийн хугацаанд хийсэн ажлууд" гэх танилцуулга бүхий хэд хэдэн зургийг нийтэлж байжээ. Мөн хувийн хаягаараа МХБХ-оос зохион байгуулсан ажлуудыг бичиж, сургуулийн хөлбөмбөгийн талбай тохижуулах зэрэг ажлуудыг "Бүтээн байгуулалт үргэлжилсээр байна" гэх мэтээр сурталчилдаг байна.
Түүнчлэн холбоонд үүсээд байгаа асуудлуудыг шүүмжилсэн хүмүүстэй “хэрэлдэж”, холбоогоо өмөөрснийхөө төлөө авч буй шагнал нь эдгээр том тоглолтуудыг үзэх тасалбар гэсэн яриа мөн олны дунд байдаг.