Ангараг гараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Ангараг гараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) “Ingenuity” загварын робот нисдэг тэргүүдийг ашиглан Ангараг гараг дээр ирээдүйд хүн буулгахад тохиромжтой байж болох газруудыг хайхаар төлөвлөж байна.

NASA-гийн төлөөлөгчийн мэдээлснээр, цөмийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, гараг хоорондын анхны төхөөрөмжийг 2026 онд хөөргөх бөгөөд ингэснээр Ангараг руу “Ingenuity” ангиллын нисдэг тэргүүд бүхий “SkyFall” ачааг хүргэж, ирээдүйд сансрын нисэгчид буухад тохиромжтой газруудыг хайх боломж бүрдэх аж. NASA өмнө нь Ангараг гараг руу жолоодлогот нислэг үйлдэх боломжтой хугацааг 2040 оноос өмнө гэж мэдэгдэж байсан юм. Мөн "SR-1 (Space Reactor-1) Freedom" нэртэй цөмийн хөдөлгүүртэй сансрын аппаратыг хамгийн бага нэмэлт зардлаар бүтээхээр төлөвлөж байна. Уг төхөөрөмжийг түр зогсоогоод байгаа “Gateway” хөтөлбөрийн хүрээнд худалдан авсан тоног төхөөрөмжийг ашиглан угсрах ажээ. NASA “SR-1 Freedom” аппаратыг бүтээж, Ангараг руу илгээхэд ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.