ЕБС дөрвөн улирлын тогтолцоонд шилжиж, өвлийн амралтыг гурван долоо хоног болголоо

ЕБС дөрвөн улирлын тогтолцоонд шилжиж, өвлийн амралтыг гурван долоо хоног болголоо

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн шинэ бүтцийг баталлаа.

Шинэ журам 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөж, өмнөх гурван улирлын тогтолцоог дөрвөн улиралтай болгож өөрчилжээ. Шинэ бүтцээр хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног зохион байгуулах бөгөөд нийслэл, орон нутгийн сургуулиудын хуваарь ялгаатай байна. Нийслэлийн сургуулиудын хувьд эхний бие даалтын дараа өвлийн амралт гурван долоо хоног үргэлжлэх бол хоёр дахь бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баярын үетэй давхцуулжээ. Орон нутгийн сургуулиудын хувьд хоёр дахь бие даалтыг хаврын мал төллөх үетэй уялдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Цагаан сарын үеэрх бие даалтаар сурагчид монгол ахуй, өв соёл, уламжлалт ёс заншлаа судлах боломжтой бөгөөд сурагчдад хэт ачаалал өгөхгүй байхаар зохион байгуулахыг журамд тусгажээ.

Шинэ бүтцээр I-IV ангийн сурагчид тавдугаар сарын сүүлээр, VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын хоёр дахь долоо хоногоос зуны амралтаа эхлүүлэх юм. Харин хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд бага анги 34, дунд анги 35, ахлах анги 36 долоо хоног хичээллэхээр хэвээр үлдсэн байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө