"Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэгч "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК (НУБИЭ) өр төлбөрөө барагдуулаагүй "Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" компанийн чартер нислэгт үзүүлэх зарим төлбөртэй үйлчилгээг үе шаттайгаар хязгаарлахаа мэдэгдлээ.
Тус компани 2026 оны зургаадугаар сарын 30-нд дээрх агаарын тээвэрлэгчдийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахгүй бол хязгаарлалт тогтоож болзошгүйг анхааруулсан. Гэвч өнөөдрийг хүртэл компаниуд үйлчилгээний гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.
Тодруулбал, долдугаар сарын 29-нөөс эхлэн дээрх гурван компанийн орон нутгийн захиалгат (чартер) нислэгт, наймдугаар сарын 3-наас эхлэн олон улсын захиалгат (чартер) нислэгт нисэх буудлын зарим төлбөртэй үйлчилгээг үзүүлэхгүй аж. Харин нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой буулт, хөөрөлт, хөөрч буух зурвасын үйлчилгээ, мөн хуваарьт орон нутгийн болон олон улсын нислэгүүдэд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй бөгөөд энэ шийдвэр нь зөвхөн дээрх гурван компанийн чартер нислэгийн төлбөртэй үйлчилгээнд хамаарахыг онцоллоо. Мөн тухайн агаарын тээвэрлэгчид өр төлбөрөө бүрэн барагдуулж, шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд үйлчилгээний хязгаарлалтыг цуцлах юм байна. НУБИЭ-ээс дээрх компаниудын чартер нислэгээр зорчихоор тасалбар захиалсан болон захиалах гэж буй зорчигчдод нислэгийн хуваарь, тасалбарын өөрчлөлт, буцаалт зэрэг асуудлаар тухайн агаарын тээврийн компанитайгаа шууд холбогдохыг зөвлөжээ.