Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр /2026.07.28/ хэвлэлийн бага хурал хийж, бэлтгэл ажлын явц, олон улсын оролцогчдын бүртгэл, зохион байгуулалтын бэлтгэл болон үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна. Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.
Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82%-тай байгаа бөгөөд одоогоо 4,5 мянга гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Үндэсний хороны Ажлын алба хурлын бэлтгэл ажлын талаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тогтмол, нээлттэй мэдээлэл хүргэж, КОП17 бага хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө бүх талын хамтын ажиллагааг ханган ажиллаж байна. Хурал болох газар нь Дүнжингарав, Нарантуул захын ойролцоо байгаа юм. Иймд түгжрэлийг зохицуулахын тулд эдгээр захын нээх, хаах цагийг өөрчилж магадгүйг.Түүнчлэн "Хурал 09:00-18:00 цагт үргэлжилнэ. Иймд захуудын нээх, хаах цагийг "КОП-17"-гийн хурлын эхлэх, тарах цагтай зөрүүлэх боломж бий. Гэхдээ шийдвэрийг нийслэлээс гаргах юм.Төрийн гурван өндөрлөгийн түвшний хүн ирэхгүй тул авто зам хаахгүй. Харин шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна" гэж дэд сайд Б.Мөнхтамир хэллээ.