Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолт, дүнгийн жагсаалтыг англи хэлээр Төрийн үйлчилгээний нэгдсэн "E-Mongolia" системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээтэйгээр авах боломжтой боллоо.
Ингэснээр иргэд эдгээр баримт бичгийг гадаад улсад ашиглахдаа нотариатаар гэрчлүүлэх, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж, баримт бичгээ цахимаар хурдан, хялбар баталгаажуулах боломж бүрдэж байна. Мөн цахим апостиль гэрчилгээ болон түүнд хавсаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг QR код уншуулан шалгах боломжтой аж.
Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох боломжтой лавлагаа, тодорхойлолтын төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ баримт бичгийг олгох хэлний сонголтыг өргөжүүлэхээр ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.