УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулагдах Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр тэмцээнийг олон улсын стандартын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Үүнд зориулалтын төхөөрөмж, гэрэлтүүлэг, дуу, дүрсний өндөр чанарын шийдэл бүхий орчин бүрдүүлж, тэмцээн болох заалыг иж бүрэн тохижуулсан байна. Мөн тамирчин, шүүгч, албаны төлөөлөгчдийн байр, тээвэр, аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ болон үзэгчдэд зориулсан үйлчилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын эрэгтэй шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байгаа бөгөөд гадаадын мэргэжлийн лигт тоглодог Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгджээ. Харин эцсийн бүрэлдэхүүнийг тэмцээний өмнө албан ёсоор зарлах аж.
Монголын Волейболын холбооны мэдээлснээр энэхүү тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулснаар Азийн болон дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг цаашид хүлээн авах боломж нэмэгдэж, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.