Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн (Хялгант баг), Сэлбэ, Чулуут, Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см-ээр нэмэгдсэн талаар Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.
Мөн маргааш /2026.07.29/ Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн сум/, Чулуут гол /Өндөр-Улаан сум/, Байдраг гол /Бууцагаан сумын Баянбүрд баг/ орчимд усны түвшин дахин 10-20 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Хархираа гол (Тариалан сум), Туул гол (Лүн сум) үерийн түвшнээс 5-10 см-ээр давсан бөгөөд усны түвшин өндөр хэвээр байгаа аж.
Иймд гол, мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, үерлэсэн голын усанд орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.