СУРВАЛЖИЛГА: Бамбай хоншоорт могой майхан, гудас зэрэгт хавчуулагдан айлд орж, гэрийн эзнийг нь хатгасан тохиолдол бүртгэгджээ

СУРВАЛЖИЛГА: Бамбай хоншоорт могой майхан, гудас зэрэгт хавчуулагдан айлд орж, гэрийн эзнийг нь хатгасан тохиолдол бүртгэгджээ

Монгол орноор хамгийн элбэг тархсан хортой могойн төрөл бол бамбай хоншоорт. Урин дулаан цаг ирсэн энэ үед могойн хатгуулсан дуудлага мэдээлэл ихэсдэг. Тэгвэл энэ оны долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулж гэмтсэн 13 тохиолдол бүртгэгдсэний 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.

ВИДЕО:

ISee.mn сурвалжлах баг Нийслэлийн байгаль орчны газартай хамтран зайсан орчимд бүртгэгдсэн могойн дуудлагад хамт очлоо. Тус бүсэд байрлах нэгэн сургуулийн хашаанд хиймэл зүлэг дэвсэж байсан ажилчид энэхүү могойг олж дуудлага мэдээлэл өгсөн аж.

-ЗУЛЗАГАН МОГОЙ ТОМ МОГОЙНООС ИЛҮҮ ХОРТОЙ БАЙДАГ-

Биднийг очиход альхэдийн могойг бариад таван литрийн усны саванд хийж, тагийг нь цоолсон байв. Энэ талаар дуудлага өгсөн иргэнээс тодруулахад, "Бид энд хиймэл зүлэг дэвсэх ажил хийж байгаа. Зүлгээ нэг талаас нь дэвсээд явж байтал нүдний буланд нэг жижиг хар зүйл харагдахаар нь хийж байсан ажлаа орхиод хартал 15 см орчим могой байсан. Надтай хамт ажиллаж байсан ах малгайгаараа биеийг дарж байгаад толгой орчмоос бариад ундааны саванд хийчихсэн" гэлээ. Харин тус бамбай хоншоорт могойг барьж саванд хийсэн иргэн, "Би хортой могой гэж бодолгүй зоригтойгоор толгойноос бариад саванд хийсэн. Хэрэв хортой могой гэдгийг мэдсэн бол ийм үйлдэл гаргахгүй байсан" хэмээв. Хэдий энэ удаа могойг барьсан иргэнийг могой хатгаагүй ч маш аюултай үйлдэл хийсэн талаар мэргэжилтнүүд анхааруулсан юм.

Бидэнтэй хамт дуудлагад хамт явсан Нийслэлийн байгаль орчны газрын биологич Ж.Гантулга, "Энэ удаагийн барьсан могой зулзаган могой байна. Бамбай хоншоорт могой нэг зулзагалахдаа 5-7 орчимд зулзага гардаг учир ойр орчимд дахиад хэд хэдэн могой байж магадгүй. Зулзаган могой хамгийн хор ихтэй байдаг. Яагаад вэ гэхээр төрсөн цагаасаа эхлээд хороо гадагшлуулаагүй байгаа болохоор маш их хор биед нь хуримтлагдсан байдаг. Би наадмын үеэр 15 см орчим зулзаган бамбай хоншоортод хатгуулсан. Цаг орчмын дараа ерөндөг тариулсан хэдий ч одоо болтол хорны нөлөөнөөс болж биеийн маань арьс гуужаад байгаа" гэсэн юм.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД МОГОЙНЫ ДҮРСТЭЙ ТОГЛООМ ХҮҮХДЭДЭЭ АВЧ ӨГӨН ТОГЛУУЛСНААС БОЛЖ ЖИНХЭНЭ МОГОЙГ ТОГЛООМ ГЭЖ АНДУУРАН БАРЬЖ, ХАЗУУЛСАН ХҮҮХДИЙН ТОО ИХСЭЖ БАЙНА- 

Энэ жилийн хувьд бага насны хүүхдүүд могойн хатгуулж байгаа тохиолдол олон гарч байна. Үүний гол шалтгаан нь эцэг, эхчүүд сүүлийн үед хүүхдүүдээ могой шиг хэлбэртэй тоглоом авч өгснөөр жинхэнэ могойг өөрийнх нь тоглоом гэж андууран гараараа барьж хатгуулсан тохиолдол олон бүртгэгджээ. Мөн зуны улирал хөдөө орон нутаг руу аялалаар явсан иргэдийн машины эд ангийг ороож эсвэл майхан, чийгний гудас зэрэгт хавчуулагдан айл руу орж гэрийн эзнийг нь хатгасан тохиолдол бүргэгдсэн байна.

Энэ онд нийт хатгуулсан 13 хүний 30 хувь нь хортой могойд хатгуулсан. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр байдаг аж. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэглэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унах гэх мэт олон эрсдэл үүсдэг. 

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд 2 цагийн дотор яаралтай могойн хорны эсрэг ерөндөг тариулах ёстой байдаг. Харин манай улсын Цэргийн төв эмнэлэгт 24 хүн тун байгаа бол олон төрлийн хорны эсрэг үйлчилгээтэй 260 хүн тун ерөндгийг захиалан авчирсан байгаа аж. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө

Дүрвэгсэд...

12 цагийн өмнө