Японы 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Күмамото мужид 40 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байна

Японы 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Күмамото мужид 40 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байна

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгджээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан талаар мэдээлсэн байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсжээ. Газар хөдлөлтийн дараа Ариакэ болон Яцүширо тэнгист нэг метр хүртэл өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан ч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалсан байна. Мөн 17:08, 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн байна. 

Японы Цаг уурын агентлаг ойрын 2-3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт болох эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.

Үүнтэй холбогдуулан Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэдийг Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг чанд мөрдөх, нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн, эргийн бүсээс хол байх, шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх, гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэхийг зөвлөжээ.

Мөн өнөөдрийн байдлаар Күмамото мужид 40 орчим Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Тус бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Элчин сайдын яамны 03-3469-2088 дугаарын шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой аж. Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэнэ гэдгээ мэдэгдлээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө

Дүрвэгсэд...

12 цагийн өмнө