Иран, АНУ харилцан цохилт өгч, түр намжсан хурцадмал байдал дахин сэдэрчээ

Иран, АНУ харилцан цохилт өгч, түр намжсан хурцадмал байдал дахин сэдэрчээ

Иран Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн объектуудыг онилон олон баллистик пуужин харвасан ч бүгдийг нь амжилттай сөнөөсөн гэж АНУ-ын Төв командлал мэдэгдсэн талаар BBC агентлаг дамжууллаа.

Мэдээлэлд дурдсанаар, довтолгоо өчигдөр /2026.07.28/ орой болсон бөгөөд пуужингуудыг замд нь амжилттай устгасан байна. Гэхдээ аль баазуудыг онилсон талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Үүний хариуд АНУ болон Саудын Арабын зэвсэгт хүчин Иракийн зүүн хэсэгт байрлах Ирантай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдийн логистик болон зэвсгийн агуулахуудад цохилт өгчээ.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, энэ нь сүүлийн 72 цагийн хугацаанд АНУ-ын цэргийн хүчний эсрэг үйлдэгдсэн 30 гаруй нисгэгчгүй онгоцны халдлагын хариу арга хэмжээ байсан аж.

Харин Тегеран уг мэдээлэлтэй холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна. Сүүлийн өдрүүдэд хоёр тал харилцан цохилтоо зогсоож, хэлэлцээ сэргээх боломж үүсээд байсан ч шинэ халдлага гарснаар хурцадмал байдал дахин ийнхүү нэмэгджээ. Үүнээс нэг өдрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай "маш найрсаг хэлэлцээр" байгуулах боломжтой талаар мэдэгдээд байсан юм.

Мөн Саудын Арабын Батлан хамгаалах яам тус улсын зүүн бүсийн газрын тосны байгууламжуудыг чиглэн ирсэн нисгэгчгүй онгоцуудыг амжилттай устгасан бөгөөд тэдгээрийг Иракт байрлах, Ирантай холбоотой зэвсэгт бүлэглэлүүд хөөргөсөн гэж мэдэгдсэн байна.

Шинэ мөргөлдөөний дараа Ормузын хоолойн аюулгүй байдалд дахин эргэлзээ үүсэж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн байна. Тодруулбал, Азийн зах зээлийн арилжаагаар нэг баррель газрын тосны үнэ 87.70 ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху Вашингтонд айлчилж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзсан нь олон улсын анхаарлыг татаж байгаа аж. АНУ-ын талын мэдээлснээр, Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаанаас хойш АНУ-ын зэвсэгт хүчний 624 алба хаагч шархадсан бөгөөд үүнээс 417 нь "Epic Fury" нэртэй АНУ-Израилийн хамтарсан ажиллагааны үеэр гэмтжээ.

Эх сурвалж: BBC