Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөндсөн байна. Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан, иргэдийн нэрлэж заншсанаар “Хар жагсаалт”-тай холбоотой асуудал байсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Улсын Их Хурал иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан. Гэвч бодит хэрэгжилт хангалтгүй, хууль, журмыг бүх банк, санхүүгийн байгууллага жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал, гомдол ирсээр байгааг УИХ-ын дарга тодотгов.
Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитой хангаж, иргэдийн зээлийн мэдээллийг үнэн зөв, шуурхай шинэчлэх, зээлжих чадварын онооны тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанканд дараах үүргийг өглөө. Үүнд, мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд хуульд заасан хугацаанд мэдээллээ шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх, бага дүнтэй болон бүрэн төлөгдөж хаагдсан зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судалж шинэчлэх, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломжийг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг нэг цонхны зарчмаар цахимаар залруулдаг тогтолцоог нэвтрүүлэх, зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэнд тайлбарладаг нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх, Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг болохыг үүрэг болголоо. Мөн дээрх арга хэмжээний хэрэгжилт болон шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулж, бодит үр дүн гарган ажиллахыг Монголбанкны удирдлагад үүрэг болголоо.