Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны нөөц, хангамжийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанд шатахууны нөөц, хангамжийн талаарх танилцуулга хийсэн бөгөөд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн савлагаа нийлүүлэлтэд эрсдэл учруулж байгааг онцолсон юм. П.Баянбаатарын хэлснээр, Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын цэргийн ажиллагаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж, долдугаар сарын эхний долоо хоногт баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрсэн зэрэг урьдчилан таамаглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Мөн Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор хангадаг бөгөөд ОХУ-ын нөхцөл байдал ч нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй байгааг дурдав.
Тэрбээр АИ-92 автобензиний нөөцийг бүрдүүлэх зорилгоор энэ оны эхний саруудад шат дараатайгаар их хэмжээний импорт хийсэн гэв. Тухайлбал, нэгдүгээр сард 107 мянган тонн, хоёрдугаар сард 102 мянган тонн, гуравдугаар сард 95 мянган тонн, дөрөвдүгээр сард 86 мянган тонн шатахуун татан авч, тавдугаар сар гэхэд агуулахын бүх савыг дүүргэсэн байна. Үүний улмаас 708 вагон буцаан явуулах боломжгүй болсон ч орон нутгийн нийлүүлэлтийг зохион байгуулснаар зургаа, долоодугаар сарын хэрэгцээг хангажээ.
Мөн гурван сарын шатахууны стратегийн нөөцийн агуулахтай байсан бол он дуустал нийлүүлэлтээ тогтвортой хадгалах боломжтой байсан гэдгийг П.Баянбаатар онцоллоо. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор 18 аж ахуйн нэгжийн 22 агуулахын сав барих шийдвэр гарч, нийт 50 мянган тонн багтаамжтай агуулах барих гэрээг байгуулан хэрэгжүүлж байгааг мэдээлэв. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байгааг тэрбээр хэллээ.