Ардчилсан нам өнөөдрийн ээлжит "4:11" мэдээллийн цагаар улс оронд үүсээд буй түлш, цахилгаан, эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр, "Өчигдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ардчилсан намын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. МАН-ынханд эрх мэдэл багадаагүй. Цөөн хэдхэн Ардчилсан намын удирдлагатай аймгуудыг хүртэл оролдож, ажил хийх боломжгүй болгож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан намыг, ард түмнийг битгий бас" хэмээн хэлэв. Мөн тэрбээр Е.Зангар нь шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор өдөр, шөнөгүй ажилласан хүн гэдгийг онцлоод, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад бүтэц, орон тоотой холбоотой асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шалгаж байгаа нь улс төрийн захиалгатай үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.