ОХУ дотоодын шатахууны хомсдолоо арилгахын тулд Энэтхэг, Беларусь, Казахстанаас бензин импортолж эхэлсэн.
Тодруулбал, Украины дроны цохилтын улмаас ОХУ-ын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр доголдож, шатахууны үйлдвэрлэл буурснаар тус улсад бензин, дизель түлшний хомсдол үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээх станцуудын дараалал нэмэгдэж, бензиний үнэ дээд түвшинд хүрээд байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, ОХУ долдугаар сарын эхээр Энэтхэгээс далайн замаар бензин импортолж эхэлсэн бөгөөд цаашид сар бүр 400 мянган тонн хүртэл бензин худалдан авах боломжийг судалж байна. Мөн Беларусаас нийлүүлэх бензиний хэмжээг эрс нэмэгдүүлж, Казахстанаас АИ-92 бензин нийлүүлэх хэлэлцээр хийсний дагуу эхний ээлжийн нийлүүлэлтийг хийсэн.
Түүнчлэн өнөөдөр ОХУ дизель түлшний экспортын хоригоо долдугаар сарын 31-нээс хойш дахин нэг сараар сунгахаар төлөвлөж байгаа бөгөөд дотоодын зах зээл тогтворжсон тохиолдолд наймдугаар сарын дундуур цуцлах боломжтой гэсэн байна.
Дээрх нөхцөл байдал нь манай улсад ч нөлөөлж эхлээд байгаа юм. Учир нь Монгол Улс шатахууныхаа ихэнх хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд нийлүүлэлт саатсантай холбоотойгоор Засгийн газар БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 бензин, БНСУ-аас онгоцны түлш импортлохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.