2026 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-85 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Байдраг, Орхон, Хөгшин Орхон, Онги, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Тэрэлж, Балж гол үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 45 см, Алтанбулаг сум орчимд 15 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Онон гол Дадал сум орчимд 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.