СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд "Талх Чихэр”, “Мах импэкс” зэрэг зургаан компани хамтран шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд "Талх Чихэр”, “Мах импэкс” зэрэг зургаан компани хамтран шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Улаанбаатар хотод намар бүр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургацаа дэлгэж, үндэсний үйлдвэрлэгчид шилмэл шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай болоод 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ жил ч мөн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Энд сүүлийн гурван хоног өглөөнөөс орой болгох олны хөл хөдөлгөөн тасарсангүй. Үзэсгэлэн худалдааг зорин ирсэн иргэд үнээ асууж, хариулахаас эхлэн шууганаар бялхаж,  гартаа барьсан тортой хүнсээ дааж ядан ийш тийш алхалж, шинэ бүтээгдэхүүний амталгаа ч өргөн болж байгаа нь харагдана.  Бид энэ удаагийн сурвалжилгаа “Намрын ногоон өдрүүд”-ээс бэлтгэж, шинэ ургацын ногооноос гадна үндэсний үйлдвэрлэгчдийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнийг сурвалжиллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд "Мах Импэкс" ХК, “Талх Чихэр” ХК, “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэлчин” ХХК, “Өв Соёл” ХХК, “Прайм Пастри” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид “Үндэсний үйлдвэрлэл бидний бахархал” уриан дор бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм. 

ВИДЕО: 

- 80 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ "МАХ ИМПЭКС" ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА - 

Үзэсгэлэн худалдааны хөл хөдөлгөөн ихтэй хэсгийн нэг нь “Мах Импэкс” ХК-ийн асар байлаа. Тус компани энэ удаагийн арга хэмжээнд уламжлалт бүтээгдэхүүнүүдийнхээ зэрэгцээ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, иргэдэд амталгаа хийлгэн, үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

“Мах Импэкс” ХК-ийн маркетингийн менежер Х.Золбоо “Мах Импэкс ХК нь Монголын хүнсний салбарт 80 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч. Энэ хугацаанд бид олон жилийн уламжлал, туршлагаа хадгалан, орчин үеийн технологитой хослуулж, хэрэглэгчдэдээ чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхийг зорьж байна” хэмээн ярьсан юм. Тус компани энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүнээрээ “Chorizo” бүтэн утлагат хиамыг сонгожээ. Бага зэргийн халуун ногоотой амтанд дуртай хэрэглэгчдэд зориулсан уг бүтээгдэхүүнийг энд ирсэн үйлчлүүлэгчид амталж үзэх боломжтой. Мөн “Мах Импэкс”-ийн асраар үйлчлүүлсэн иргэд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр худалдан авахын зэрэгцээ хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой байлаа.

- "MOREB"БРЕНДИЙН ТАВАН ТӨРЛИЙН ШИНЭ ТАЛХЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА - 

“Талх Чихэр” ХК-ийн асар мөн олны хөл хөдөлгөөнөөр дүүрэн байв. Талх Чихэр ХК-ийн маркетингийн ахлах менежер С.Мягмарцэрэн бидэнд бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Түүний хэлснээр "Талх чихэр" ХК энэ жилийн үзэсгэлэн худалдаанд “МoreB” брэндийн таван төрлийн шинэ талх, “Хотол” брендийн бейкери бүтээгдэхүүнүүд болон хар будааны орцтой шинэ артизан талх зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулжээ.

Тэдний шинээр танилцуулж буй таван төрлийн талх иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа гэв. Учир нь чиа үр, зөгийн балтай, шоколадтай, ногоон сонгинотой, хулууны үртэй, наранцэцгийн үртэй гэсэн сонголттой шинэ талх нь уламжлалт талхны хэрэглээг шинэ орц, амтаар нэгтгэснээрээ хэрэглэгчдийн талархлыг хүртэж байгааг тэд онцолж байлаа. 

Үүгээр зогсохгүй хүн бүрийн сайн мэдэх давхраат нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болон “Сарьдаг” брэндийн бүхэл үрийн, шоколадтай жигнэмэг, чихэр зэрэг бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрийн үнээр худалдаалж байлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд нэг хэсэгт нь намрын шинэ ургацын ногоо, нөгөө хэсэгт нь мах, махан бүтээгдэхүүн, талх нарийн боов, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд эгнэж, иргэд хэрэгцээт хүнсээ сонгон худалдан авч байна. “Намрын ногоон өдрүүд” нь зөвхөн шинэ ургацын ногоо худалдаалдаг арга хэмжээ байхаа больж дотоодын үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд танилцуулж, иргэд бүтээгдэхүүнээ амталж, сонголтоо хийх боломж бүрдсэн өргөн хүрээний үзэсгэлэн худалдаа болтлоо өргөжжээ.