"Гацуурт"-ын Л.Чинбатын эзэмшлийн 13 компани "Улаанбуудайн урамшуулал"-аас нийт 18 тэрбум төгрөг авчээ

"Гацуурт"-ын Л.Чинбатын эзэмшлийн 13 компани "Улаанбуудайн урамшуулал"-аас нийт 18 тэрбум төгрөг авчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд болсон.

Уг хяналтын сонсголын үеэр шинжээч нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж  улаанбуудайн урамшууллаас 18 тэрбум төгрөг авсан гэдгийг онцолсон юм. Тодруулбал,  улаанбуудайн урамшууллыг Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолоор буудайн урамшууллыг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн эхэлсэн байна. Улмаар 2008-2025 оны хугацаанд 279.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11 мянга 829 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. 

Дээрх хугацаанд тариалсан талбай болон хураасан ургацын хэмжээ өссөн боловч Үндэсний статистикийн хорооны мэдээллээс аваад үзэхэд нэг га талбайгаас хураан авсан ургацын хэмжээ буурсан байна. Энэ талаар шинжээч "Нийт урамшууллын 35.8 хувь буюу 100 тэрбум төгрөгийг нийт тариаланчдын 1.2 хувь буюу 54 аж ахуйн нэгж авсан. Мөн нээлттэй мэдээллийн эх сурвалжийг авч үзэхэд нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. 30 аж ахуйн нэгж хуурамч бичгээр 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан байна" гэдгийг тодотгосон. Харин шинжээчийн мэдээлэлд дурдагдсан 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж нь хэнийх байв гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж байгаа. 

Тэгвэл нийт 13 компаниараа 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан эрхэм бол "Гацуурт"-ын Л.Чинбат ажээ.

Тодруулбал,  "Гацуурт" компанийн эзэн Л.Чинбат нь:

  1. "Сэлэнгэ Алтанговь" ХХК,
  2. "Баяндулаан-Уул" ХХК,
  3. "Шаргал тариа" ХХК,
  4. "Сэлэнгэ тос" ХХК,
  5. "Гацуурт" ХХК,
  6. "Гацуурт хүнс" ХХК,
  7. "Виго буудай" ХХК,
  8. "Монгол ангус" ХХК,
  9. "Скрин" ХХК,
  10. "Сэлэнгийн тариалан" ХХК,
  11. Халимаг ХХК,
  12. "Хандгайт-Уул" ХХК,
  13. "Номгон буудай" ХХК гэсэн 13 аж ахуйн нэгжээрээ дамжуулан улаанбуудайн урамшуулалд 18 тэрбум төгрөг авчээ. 

Нээлттэй мэдээллээс үзэхэд эдгээр компаниуд нь Л.Чинбатын эзэмшилд байсан болон түүний холбоотой хүнийх /ЭНД ДАРЖ үзнэ үү/ байх бол дийлэнх нь өдгөө түүний нэр дээр бүртгэлтэй компаниуд байх аж. Тодруулбал, тэрбээр "Номгон буудай" ХХК, "Хандгайт-Уул" ХХК зэрэг компаниудаа Г.Ариунболд гэх иргэн рүү энэ онд шилжүүлж, хувь эзэмшлээсээ хасагдсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ, ЭНД ДАРЖ  үзнэ үү.  Тухайн компаниуд нь газар тариалан, мал, аж ахуй, автомашины засвар үйлчилгээ гэх мэт үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ.