ТЭД БИДНИЙ ТУХАЙ: “Японы чухал гуравдагч хөрш учир Монгол Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдохоор нэр дэвшихийг дэмжинэ” гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: “Японы чухал гуравдагч хөрш учир Монгол Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдохоор нэр дэвшихийг дэмжинэ” гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Улмаар өчигдөр буюу есдүгээр сарын 29-нд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

ВИДЕО:

Тэгвэл уг уулзалт, хэлэлцээний талаар Япон Улсын Гадаад хэргийн яамны албан ёсны веб сайт болон тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлснийг хүргэе. Тухайлбал,

"МОНГОЛ УЛС 2047 ОНД НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОХООР НЭР ДЭВШИХИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ"

Япон Улсын Гадаад хэргийн яамны албан ёсны веб сайтад “Есдүгээр сарын 29-ний 17:45 цагаас Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай Япон, Монголын дээд хэмжээний уулзалт хийж, улмаар ажлын зоог барилаа. Ерөнхий сайд Такаичи Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёр талын харилцааны хүрээнд Япон Улсад хийж буй анхны айлчлалыг сайшаан тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсыг Японы хамгийн чухал “гуравдагч хөрш”-ийн нэг хэмээн онцолж, хөгжүүлсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” /FOIP/ үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын бие даасан байдал, тэсвэрлэх чадавхыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Үүний хариуд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс “энх тайванч улс”-ын хувиар олон улсын энх тайван, тогтвортой байдалд олон жилийн турш хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, 2022 оны хамтарсан мэдэгдэлд тусгасан агуулгыг тууштай хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

Хоёр улсын Ерөнхий сайд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр санал нэгдэв. Мөн аюулгүй байдлын салбар төдийгүй хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр тохиролцов. Мөн Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд сайн хөгжиж байгаатай холбогдуулан “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” /FOIP/ үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учрал JETRO буюу Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын Монгол дахь салбарыг нээх хүсэлт гаргасан бөгөөд Ерөнхий сайд Такаичи тус салбарыг нээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Японы компаниуд үйл ажиллагаанд нь оролцдог Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхтэй холбоотой иенийн зээлийн солилцооны ноот бичигт /E/N/ гарын үсэг зурж, солилцсон явдлыг хоёр тал сайшаав. Үүнээс гадна “POWER Asia” санаачилгын хүрээнд газрын тосны нөөц бүрдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. Мөн Ерөнхий сайд Такаичи Монгол Улс 2047 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдохоор нэр дэвшихийг дэмжиж байгаагаа илэрхийлэв” хэмээн мэдээлжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

ЯПОН УЛСЫН ХАМГИЙН ЧУХАЛ ‘ГУРАВДАГЧ ХӨРШ’

Харин Японы “TV Asahi” телевиз хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар мэдээлэхдээ Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийг онцолсон байна. Тус телевиз “Ерөнхий сайд Санаэ Такаичи Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Улаанбаатар хотын ойролцоох олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд Япон Улс дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Ерөнхий сайд Санаэ Такаичи ‘Япон Улс энх тайванч улсын хувьд Монгол Улсын хамгийн чухал “гуравдагч хөрш” бөгөөд хөгжүүлсэн FOIP буюу “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг”-ийн хүрээнд Монгол Улсын бие даасан байдал, тэсвэрлэх чадавхыг дэмжин ажиллана’ гэжээ. Уулзалтын үеэр Япон Улсын дэмжлэгээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх санхүүжилтийг Япон Улс зээлээр олгохтой холбоотой ноот бичигт гарын үсэг зурсан байна. БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг Монгол Улс Япон Улсын хамгийн чухал ‘гуравдагч хөрш’ хэмээн тодорхойлдог. Тиймээс Монгол Улсын хүсэж буй агаарын тээврийн холболтыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна газрын тосны нөөц бүрдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахаар хоёр тал санал нэгдсэн байна” хэмээн мэдээлжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

"ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ ХОЛБООТОЙ САЛБАРТ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА"

Японы Kobe News мэдээлснээр, "Японы Ерөнхий сайд С.Такаичи есдүгээр сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай Ерөнхий сайдын Тамгын газарт уулзаж, эдийн засгийн салбар зэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр санал нэгдсэн байна. Үүний өмнө хоёр улсын Ерөнхий сайдын байлцуулсан нөхцөлд Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажилд Япон Улсаас 158.2 тэрбум иенийн иенийн зээл олгох тухай ноот бичгийг солилцжээ. Энэ нь хоёр Ерөнхий сайдын анхны уулзалт болсон байна. Мөн Япон Улсын санаачилсан санхүүгийн дэмжлэгийн “Power Asia” хүрээнд газрын тосны нөөц бүрдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Мөн Японы хэвлэлүүд Монгол Улс БНХАУ болон ОХУ-тай л хиллэдэг бөгөөд түлшний нийлүүлэлтийн хувьд ОХУ-аас өндөр хамааралтай болохыг онцолсон байна. Үүний зэрэгцээ Монгол Улс Япон, АНУ зэрэг улсыг “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, олон талт дипломат харилцаа хэрэгжүүлж байгааг мэдээлжээ.