Шатахуун, цахилгааны хамаарлыг бууруулах төслүүдийг эсэргүүцэж явсан “эх орончид” өнөөдөр хомсдолыг шүүмжилж явна

Шатахуун, цахилгааны хамаарлыг бууруулах төслүүдийг эсэргүүцэж явсан “эх орончид” өнөөдөр хомсдолыг шүүмжилж явна

Өдгөө “жагсагч, эх оронч” гэх нэртэй фейсбүүкийн лайвчингууд тогтмол байж болох цалин авч, түүгээрээ амьдралаа амархан босгочихдог нэг төрлийн “ажил” бий болчихлоо. Магадгүй тэд дундаж давхаргаас ч илүү орлого олдог байх. Саяхан л гэр хорооллын таван ханатай гэрээс лайв хийж суусан нэгэн тансаг хороололд амьдарч, үнэтэй автомашин хөлөглөх болсныг энэ нь харуулах биз ээ.

Гэхдээ энэ хугацаанд зөвхөн тэр ч биш, түүний эхнэр, хүүхэд гээд гэр бүлийн хөрөнгө ч өссөн. Хөрөнгө оруулалтын мэдээ нь ч үүнийг харуулна. Харин энэ хугацаанд түүнийг дэмжигчид, дагагчдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бол. Гэхдээ л түүнд “олон нийтийн дундах хоцрогдсон хэсэг” нугасгүй хэвээрээ л байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд улс төрийн зорилгоор эхлүүлсэн тэдний “төлбөрт” жагсаал тогтмолжлоо. Өөрсдийн ахуй амьдрал, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаас бус, тэд улс төрийн зорилгоор буюу нэгнээ намнах зорилгоор л гарч ирэх болсон. Гэхдээ гал дээр тос нэмэх мэт олон нийтийн бухимдал дээр дөрөөлж эхлүүлсэн тэдний жагсаал “органик” болж хувирах тохиолдол ажиглагдаж байна.

Товчхондоо, эхлээд тэд иргэдийн бухимдлыг нэмэгдүүлнэ. Тэгээд жагсаалд уриална. Харин үүнийг уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн иргэд тэдний “өгөөш” болоод үргэлжлүүлчихдэг байдал тогтлоо. Ингээд үр дүнд нь “гэдэс цатгалан, толгой бүтэн” гэдэг шиг авахаа авсан тэд гэдсээ илээд хараад хэвтэх л үлдэнэ.

-ЖАГСААЛАА АЛДСАН А.ОТГОНБААТАР-

Тухайлбал, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төв талбайд хийсэн жагсаалын тоогоороо өнөө цагт тэргүүлэх биз. Жишээ нь, А.Отгонбаатар 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нүүрсний хулгайн эсрэг жагсаал зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байлаа. Ингээд түүний эхлүүлсэн “Нүүрсний хулгай” гэх нэршил бүхий жагсаал эрчээ авч, 12 дугаар сарын 4-ний өдрөөс иргэд Төв талбайд олноор цуглан эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Үүнээс хойш жүжигчин У.Цогтоо “авторлогдож”, Ерөнхий сайдыг урдаа гарган ирж, амлалт ч авсан байдаг.

Угтаа бол А.Отгонбаатарын анх жагсаалаа эхлүүлэх зорилго нь МАН-ын ЕНБД-аас Д.Амарбаясгаланг “ховхлох” байсан. Гэтэл иргэдийн уур бухимдал тулсан үед түүний жагсаал “органик” болж хувирсан. Товчхондоо, тэр жагсаалаа булаалгасан. “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар ч жагсаалаа булаалгасан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийж байсан удаатай.

ВИДЕО:

-ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЖАГСААЛ АЛДАГДАВ ВИЙ-

Харин өдгөө энэ дүр зураг дахин ажиглагдав. Тодруулбал, өчигдөр буюу 2026.10.01-нд “Туйлдаж гүйцлээ” нэртэй жагсаал Төв талбайд боллоо. Уг жагсаал болохоос хоёр хоногийн өмнө буюу 2026.09.29-нөөс эхлэн “багц” хэвлэлээр “шатахуун олдохгүй байна, олон цаг оочирлож байна” зэрэг мэдээ, сурвалжилга гарч эхэлсэн. Улмаар 2026.09.30-наас эхлэн нөгөө л “багц” хэвлэл болон зарим инфлюенсерүүдээр нэгэн ижил текст, AI зураг бүхий “Туйлдаж гүйцлээ” жагсаал болно зэрэг мэдээлэл сошиал орчинд зогсоо зайгүй шахагдаж эхэлсэн.

Гэхдээ энэ гол асуудал биш. Эхэндээ энэ жагсаал хэний захиалгат байсан, юуг зорьсон нь тодорхой харагдаж байсан. Учир нь өчигдөр өглөө 10 цагт эхэлсэн тус жагсаалыг Н.Сосорбарам тэргүүтэй этгээдүүд эхлүүлсэн. Тэр бол Женко Х.Баттулгатай улс төрийн хувьд ойр нэгэн. Харин Х.Баттулга, Херо Б.Баатар бол улс төрийн ойр, дотнын найзууд. Улмаар Н.Сосорбарамыг дэмжин Miu Miu хочит Ц.Оюунжаргал, “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөлөл, Оюу толгой төслийг эсэргүүцэгч нар зэрэг Л.Оюун-Эрдэнийн төлбөрт гэгдэх жагсагчид дэмжиж эхэлсэн.

Өдрийн 15 цаг хүртэл төлбөрт жагсагчид уг жагсаалын гол дүр байсан гэдгийг тодотгоё. Харин тэд олон цаг нийгмийг турхирч, зогсоо зайгүй лайв хийсний үр дүнд үдээс хойш энэ жагсаал “органик” болж эхэлсэн.

Miu Miu хочит Ц.Оюунжаргал жагсаалаасаа өөрөө хөөгдсөн нь ч үүнийг харууллаа. Энэ органик гэж болох жагсаал 23 цаг хүртэл үргэлжиллээ. Товчхондоо, өмнө нь дурдаж байсан шиг А.Отгонбаатарынх шиг зорилтот жагсаал ард иргэдийн бухимдал дээр гал нэмж, төлбөрт жагсаал органик болсон гэсэн үг. Тэд жагсаалаа булаалгав. Гэхдээ уншиж, бичиж суудаг чимээгүй олонхи харж суугаа. Гурван сар засагласан Н.Учралын Засгийн газар, 2024 оноос хойш засагласан УИХ-ын асуудал биш.

Тодруулбал, жагсаалд оролцож байгаа иргэд “бензиний хомсдолыг бууруулахыг” шаардаж байна. Гэтэл энэ асуудал хэдэн Г.Дамдинням гарч ирээд ч өөрчлөгдөх боломж алга. Учир нь манай улс ОХУ-аас шатахуун, цахилгаан, төмөр замын хувьд бүрэн хамааралтай гэдгийг ойлгох иргэд ч ховор байна. Орос, Украины дайнаас шалтгаалж, түүхий нефтиэ экспортолж байгаа ч дотоодын зах зээлдээ бензин, дизель түлшний нийлүүлэлтийг хамгаалахын тулд боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж байна. Нөгөө талд манай улс бензинээ дорвитой хадгалах сав ч байхгүй байна.

-ЖАГСААД ШАТАХУУНТАЙ БОЛОХГҮЙ-

Энэ нөхцөлд, үнэндээ хамгийн удаан ажилласан Л.Оюун-Эрдэнээс Орос, Украины дайн эхлэхтэй зэрэгцэн, салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байхад автобензин агуулах саваа бариагүй юм бэ хэмээн асуувал арай дөхөм. Үүн дээр шатахууны дотоодын хэрэгцээг хангах, импортын хараат байдлыг бууруулахын тулд газрын тосны эрэл хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх бодлогыг эсэргүүцэгч нарын “ач тус” ч их. Үеийн үед энэ бодлогыг “тэмцэгч, эх оронч” нэртэй лайвчид эсэргүүцсээр ирсэн. Харин өдгөө нөгөө л тэмцэгчид дахин шатахууны хамааралтай, үнэтэй байгааг шүүмжилж байна. Ганц, хоёрхон жишээ татья.

Нэгдүгээрт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын геологичид ажилладаг “Петро Матад” компани 2019 онд сумын төвөөс баруун хойш 70 гаруй км-т байдаг “Хашаат” гэх газарт газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл тус хайгуулын ажлыг “Босоо хөх Монгол”, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан”, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Ард түмний штаб”, “Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг ТББ-ууд нийлэн жагсаал цуглаан хийж эсэргүүцэж, зогсоосон.

Хоёрдугаарт, манай улс эрчим хүч, шатахууны хувьд Оросоос хамааралгүй болохын тулд “Эрдэнэбүрэн”, “Эгийн гол” зэрэг усан цахилгаан станцын төслүүд явуулах гэхээр “эх оронч” нэртэй хэсэг бүлэг хүмүүс болон орон нутгийнхан эсэргүүцээд ажлыг нь явуулдаггүй.

Гуравдугаарт, хамгийн сүүлийн мэдээллээр буюу энэ сарын 10-нд /2026.08.10/ Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж, 2028 онд багтаан ашиглалтад оруулах чиглэл өгсөн.

Газрын тосны үйлдвэр ямартай ч ашиглалтад орсны дараа бидэнд багадаа 1.5-1.8 сая тонн түүхий нефть хэрэг болно. Үүний тулд хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлэх ёстой.

Ингээд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн тохой” 28-р талбайд газрын тосны хайгуул хийж буй. Гэтэл энэхүү ажлыг Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд эсэргүүцэж, зогсоохыг шаардаж, ташуурдан зогсоож байсныг бид харсан билээ. Хүрээний бузрыг ухвал далай далай гэдэг шиг гадны болон дотоодын тэмцэгчид олон байна. Салбарынх нь мэргэжилтнүүд хүртэл “10 жилийн өмнөөс Эгийн голын УЦС, 5-р ДЦС-ыг бариад ашиглаж эхэлсэн бол өнөөдөр бензин, шатахууны хамаарал буурах байлаа” хэмээн гасалж сууна.