БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар байгаль орчны чиглэлээр нийт 4189 объектыг хяналт шалгалтад хамруулжээ.
Үүнээс 325 нь төлөвлөгөөт, 959 нь төлөвлөгөөт бус, 2800 нь урьдчилан сэргийлэх, 105 нь өмнө өгсөн үүрэг, шаардлагын биелэлтийг шалгах хяналт шалгалт байжээ. Ингэснээр нийт хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн байна.
Тодруулбал, Байгаль орчны улсын хяналтын газраас агаарын чанар, ус, хаягдал ус, хог хаягдал, хөрсний бохирдол, химийн болон аюултай бодис, ой, байгалийн ургамал, ан амьтан, газрын хэвлий, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт зэрэг үндсэн чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулдаг аж. Мөн байгаль орчны зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 86 удаагийн цахим болон танхимын сургалт зохион байгуулж, 2901 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулжээ. Олон нийтэд байгаль орчны хяналт болон урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэж, нийт 302 удаагийн мэдээ, мэдээлэл түгээсэн байна.

Хяналт шалгалтыг өмнөх хяналтын үр дүн, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэл, зөрчлийн давтамж, зөрчлөө арилгасан байдалд үндэслэн зохион байгуулдаг байна. Ингэхдээ зөвхөн зөрчил илрүүлж, хариуцлага тооцохыг урьтал болголгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөх, зөрчил болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийг голчилж байгаа аж.
