Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 293 саяас 351 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ

Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 293 саяас 351 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг өчигдөр /2026.10.01/ хүлээн авч уулзан, Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад 2025–2028 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллароос 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх болсонд талархал илэрхийлэв. Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах аж. Ерөнхий сайд Н.Учрал боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцолж, урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал тавьжээ. Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 2026 онд багтаан авах асуудлыг эрчимжүүлэхээр шийдсэн байна.

Гамшиг тохиолдсон үед шуурхай ашиглах 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудалд Азийн хөгжлийн банкны зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв. Уулзалтаар Засгийн газрын зүгээс гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсний сацуу санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.