Францын Засгийн газар төсвөө танах зорилгоор боловсролын салбарын санхүүжилтийг бууруулах шийдвэр гаргасан нь тус улсад сурагч, оюутнуудын бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал дэгдэхэд хүрээд байгаа юм. Одоогийн байдлаар Парис, Нант, Марсель зэрэг томоохон хотуудыг хамарсан 400 гаруй сургууль бүрэн хаагдаж, жагсаал эрчимжсэнтэй холбогдуулан зарим бүс нутагт хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Жагсагчид багш нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг цөөлөх, сургуулийн орчныг сайжруулахыг шаардаж байгаа юм. Гэвч жагсаал хяналтаас гарч, сургуулийн барилга байгууламжийг галдан шатаах, цагдаагийн алба хаагчид болон сургуулийн удирдлагууд руу халдах зэрэг хотын хүчирхийлэл болон хувирчээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр үймээн самууны үеэр хоёр мянга орчим хүнийг саатуулан баривчилсны дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд мөргөлдөөний улмаас 300 гаруй цагдаа бэртэж гэмтсэн байна. Энэхүү хямрал нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиож байгаа тул Засгийн газар болон сөрөг хүчний намуудын дунд улс төрийн том маргаан дагуулаад байна. Сурагчдын холбооноос ирэх өдрүүдэд дахин томоохон жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн тул нөхцөл байдал цаашид улам хурцдах төлөвтэй байна.