Тайландын 23 мужид болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 23-т хүрч, нийслэл Бангкок хотод 700 мянган хүн үерт өртсөн тухай тус улсын албаныхан мэдээлжээ.
Тайландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, үерийн улмаас 49 эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа доголдсоноос 24 нь хэвийн ажиллаж байгаа бол гурав нь хэсэгчлэн хаагдаж, 22 нь үйлчилгээгээ түр зогсоосон байна. “Тай Энквайрер” сонинд мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь усанд живж, цахилгаанд цохиулжээ. Бангкокийн зүүн хэсэгт үерийн гамшиг нүүрлэсэн хэвээр байна. Тус хотод 329 мянга орчим өрх буюу 700 мянга орчим хүн үерт өртжээ.
Бангкок хотын захирагч Чадчарт Ситтипунтын мэдээлснээр, хотын захиргаа Правет Буриром, Лат Прао зэрэг томоохон сувгийн усны түвшнийг бууруулахад тэргүүн ээлжид анхаарч байна. Ингэснээр авто зам болон орон сууцны хороололд тогтсон усыг зайлуулах боломж бүрдэх ажээ.