Францад боловсролын төсвийн таналтыг эсэргүүцсэн оюутан, сурагчдын жагсаал улс даяар хүчээ авч, мөргөлдөөн болон хувираад байна. Парис хотоос эхэлсэн уг эсэргүүцлийн хөдөлгөөн эрчээ авч, өнөөдрийн /2026.10.05/ Францын хэмжээнд 500 орчим ахлах сургууль, их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа хэсэгчлэн болон бүрэн зогсоож, цахим сургалтад шилжлээ.
Залуучууд төрийн зардлыг хэмнэх зорилгоор боловсролын салбарын төсвийг бууруулсан шийдвэрийг голлон эсэргүүцэж байгаа юм. Үүнээс гадна нэг ангид 32–40 сурагч хичээллэж буй таагүй орчин, багш нарын хүрэлцээ муу байгаа байдал, хуучирсан сургуулийн барилгууд болон их сургуульд элсэх "Parcoursup" цахим системийн тэгш бус байдлыг шүүмжлэн шаардлага тавьж байна. Амралтын өдрүүдэд түр намжсан байсан эсэргүүцлийн хөдөлгөөн шинэ долоо хоногийн эхээр дахин ширүүсэж, нийт 700 гаруй сургууль ямар нэг байдлаар жагсаалд өртөөд байна. Сүүлийн үеийн мэдээгээр, жагсаалд зүүн жигүүрийн радикал үзэлтэй хэт даврагч бүлгүүд нэгдсэний улмаас хорлон сүйтгэх ажиллагаа газар авч, өнөөдрийг хүртэл 24 сургуулийг галдан шатааж, тоносон байна. Мөргөлдөөний үеэр 170 гаруй сурагч, сургуулийн 78 ажилтан, 300 гаруй цагдаа, гал сөнөөгчид бэртэж гэмтжээ. Хөдөлгөөн эхэлснээс хойш нийт таван мянга гаруй хүнийг саатуулаад байгаагийн 85 орчим хувь нь насанд хүрээгүй сурагчид байгаа тул "Эмнести Интернэшнл" зэрэг хүний эрхийн байгууллагууд цагдаагийн газрыг өсвөр насны хүүхдүүдийн эсрэг хүч хэтрүүлэн хэрэглэж байна хэмээн шүүмжилж эхэлсэн байна.
Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню их сургуулийн элсэлтийн системийг уян хатан болгохоо амласан ч, нөгөө талаас үймээн самуун дэгдээгчдэд сургууль, хотод учруулсан хохирлыг өөрсдөөр нь төлүүлэх хуулийн төслийг яаравчлан батлахаар ажиллаж байна. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс маргааш буюу мягмар гарагт эсэргүүцлээ улам өргөжүүлэн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.