Д.Трамп АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг баталгаажуулах “Супер оюун ухааны хүчин”-ийг байгуулна

Д.Трамп АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг баталгаажуулах “Супер оюун ухааны хүчин”-ийг байгуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ням гарагт холбооны засгийн газрын хиймэл оюун ухааны салбар дахь үйл ажиллагааг уялдуулж, АНУ-ыг хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч хэвээр байлгах зорилготой шинэ “Супер оюун ухааны хүчин” /Super Intelligence Force/ байгуулж байгаагаа зарлав.

Шинэ байгууллагыг SIF гэж нэрлэх бөгөөд хэрэглэгчид, олон нийтийн эрх ашгийг хамгаалах болон шашны байгууллагууд, чухал дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид, технологийн компаниудтай холбоотой холбооны засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах үүрэгтэй байна.

Д.Трамп Truth Social хуудсандаа “Супер оюун ухааны хүчин нь Америк улс супер оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлсээр байх нөхцөлийг бүрдүүлэх холбооны засгийн газрын хүчин чармайлтыг зохицуулах үүрэгтэй” гэж бичжээ.

Тэрбээр уг технологийг “Аж үйлдвэрийн хувьсгал болон интернэтээс ч илүү том зүйл” хэмээн тодорхойлж, энэ нь “бүх америкчуудын эрх ашгийг хамгаалж, амьдралын чанарыг сайжруулна” гэж мэдэгдсэн байна. Шинэ хүчнийг Трампын засаг захиргааны өндөр түвшний албан тушаалтнууд удирдаж, Ерөнхийлөгч Д.Трамп болон Цагаан ордны Тамгын газрын дарга Сюзи Уайлст шууд тайлагнах аж.

Түүнчлэн Трамп өнгөрсөн долоо хоногт хиймэл оюун ухааныг “Супер оюун ухаан” /Super Intelligence/ хэмээн нэрлэх шийдвэрийг холбооны гүйцэтгэх засаглалын хэмжээнд албан ёсоор гаргасан байна.

Энэ нь Цагаан ордонд технологийн салбарын тэргүүлэх компаниудын удирдлагуудтай хийсэн дээд түвшний уулзалтын дараа болсон бөгөөд технологийн компаниудын удирдлагууд Трампын нэрлэсэн “Супер оюун ухааны талаарх Цагаан ордны хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг уулзалтын дараа X платформд хийсэн мэдэгдэлдээ уг уулзалтыг “чухал эерэг алхам” гэж үнэлсэн байна. Тэрбээр Америкийн томоохон хиймэл оюун ухааны лабораториудын удирдлагууд дотоод хяналт, аудит, хянан шалгах олон түвшний тогтолцоог хэрэгжүүлэхээр тохиролцсон нь чухал алхам болсон гэж бичжээ.