Өнөөдөр /2026.10.11/ Булганы ихэнх сумд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Архангай, Хэнтийн өмнөд, Хөсвгөл, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 12-ны өдөр Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 12-13-нд шилжих шөнө Дорноговийн өмнөд сумдын нутгаар, энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Ховдын өмнөд сумдын нутгаар, энэ сарын 14-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм, 15-нд Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн хойд, Булганы зүүн сумд, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.