Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарчээ.
Түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Халхгол сумын иргэд гурван өдөр ажилласан ч түймрийг цурманд оруулж чадаагүй байна. Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж, газар авсан тул хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тодруулбал, Хилийн цэргийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнуудын хамт Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид түймэр унтраах ажиллагаанд оролцож байна. Одоогийн байдлаар түймрийг унтраах ажиллагаанд 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.