Чилийн нийслэл Сантьяго хотод хүчтэй аадар бороо орсны улмаас шавар, усны үер бууж, хотын гудамжууд шавар, хог хаягдалд дарагджээ. Автомашинууд зузаан шаварт гацаж, оршин суугчид цэргүүд болон хотын үйлчилгээний ажилтнуудтай хамтран гамшгийн ул мөрийг арилгах ажилд оролцож эхэлсэн байна.
ВИДЕО:
Энэ сарын 8-нд Сантьяго хотод хүчтэй аадар бороо орсны улмаас шавран нуранги үүсэж, автомашинуудыг гудамжаар түрэн урсгасан байна. Мөн айл өрхүүдийн гэр, байшин усанд автаж, олон оршин суугчийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Ослын улмаас наад зах нь зургаан хүн бэртэж гэмтсэн бөгөөд эрх баригчид Сантьяго хотын Лас Кондес дүүрэгт онцгой байдал зарласан байна.
Орон нутгийн оршин суугч Патрисио Рей, “Чили бол байгалийн гамшигт өртөмтгий орон. Бид газар хөдлөлтөд байнга өртдөг. Энэ бол байгаль дэлхийгээс бидэнд ирж буй сорилтуудын нэг” хэмээн ярьжээ. Чилийн цаг уурчдын мэдээлснээр, тус улсад орсон их хэмжээний хур тунадас нь сүүлийн хэдэн арван жилд ажиглагдсан хүчтэй “Эль-Ниньо” үзэгдэлтэй холбоотой аж.