Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийг өнөөдөр /2026.10.11/ хийлээ.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар “Өнөөдрийн хөдөлгөөн зүгээр нэг хөдөлгөөн биш. Монголоо өөрчилж, бүтээх гол ажлын эхлэл юм. Бид хөдөлгөөний үр дүнгээ арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дүгнэнэ. Энэхүү хөдөлгөөний нээлтэд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил тод илэрхийлсэн гурван эрхэм болох УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг, УИХ-ын гишүүн Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Лувсаннямын Гантөмөр нар хүндэтгэн хүрэлцэн ирсэнд талархаж байна. Ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулахад Баянзүрх дүүргийнхэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам онцгой үүрэгтэй” хэмээн онцоллоо.
Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцож, Монгол Улсад өөрчлөлт хийх шаардлага, түүний чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Яагаад Монгол Улсад өөрчлөлт хийх хэрэгтэй болов. Энэ өөрчлөлт хаашаа чиглэх ёстой вэ гэдэг нь өөрөө бидний суурь том асуудал юм. Ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг маань ардчиллын жилүүдэд өсөлт дэвшлийг авчирсан. Гэхдээ бид үүнээс илүү үр дүнд хүрч болох байсан боломжуудаа алдсан. Сүүлийн жилүүдэд ардчиллын тогтолцооны машин маань авлигын зэвэнд идэгдэж, төрийн хямралд автагдаж, ачаагаа үүрч, хурдаа авч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг та бид харж байна. Иймээс Ардчилсан нам ‘Монголоо бүтээдэг болгож өөрчилье’ хэмээн зорьж, энэхүү үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна” гэв. Түүнчлэн An.mn вэбсайт болон An+ аппликэйшнээр дамжуулан өнөөдрийн байдлаар 27,000 гаруй иргэн саналаа өгсөн талаар дурдлаа. Энэ нь иргэдэд өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл байгааг харуулж байгаа бөгөөд бүтээдэг Монгол болохын төлөө хамтдаа хичээх цаг болсныг О.Цогтгэрэл онцолсон юм. “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний Баянзүрх дүүрэг дэх нээлтэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Хосбаяр, С.Цэнгүүн тэргүүтэй Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон дэмжигчид урилгаар оролцлоо.