Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн уртасгасан цагаар ажиллана.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмж ажиллуулахаар бэлтгэж байна. Томуугийн өвчлөл нэмэгддэг хүйтний улиралд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор энэхүү зохицуулалтыг хийжээ.