Японд баавгай үргээх зориулалттай робот нохой бүтээжээ

Японд баавгай үргээх зориулалттай робот нохой бүтээжээ

Японы Акита мужийн их сургуулийн судлаачид баавгайг суурьшлын бүсэд нэвтрэхээс сэргийлэх зорилгоор “Хаччан” нэртэй робот нохой бүтээж байна.

Уг роботын нэрийг Японы алдарт Акита үүлдрийн нохой Хачикогоос санаа авч өгчээ. Мөн уламжлалт анчдын баавгай агнахад ашигладаг Акита үүлдрийн анчны нохойноос санаа авсан байна. Гэхдээ жинхэнэ анчны нохойноос ялгаатай нь амьтанд гэм хор учруулгүй харин дуу чимээгээр үргээх зориулалттай аж.

“Хаччан” роботыг тариалангийн талбай болон суурьшлын бүсийн захад байрлуулахаар төлөвлөжээ. Камер, мэдрэгчийн тусламжтайгаар баавгайг илрүүлж, чанга хуцах, дуу чимээ гаргах замаар ой руу буцаан үргээх юм. Түүнчлэн баавгайн байршлын мэдээллийг бусад роботтой хуваалцаж, хэд хэдэн робот хамтран ажиллах боломжтой байхаар хөгжүүлж байна.

Төслийг удирдаж буй Акита мужийн их сургуулийн Бүсийн хамтын ажиллагаа, судалгааг дэмжих төвийн судлаач Масаюки Ёшида робот нохдыг 2026 оны эцэс гэхэд бодит орчинд туршиж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.