“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томилжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томилжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томиллоо. Түүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирал томилогдох хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь заалт, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 5.7.8 дахь заалт, Нэр дэвшүүлэх хорооны 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын санал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн гаргажээ. Б.Анар нь төрийн санхүүгийн удирдлага, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай.

Тэрбээр 2004-2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2015-2017 онд АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийг төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн. Ажлын гараагаа 2008 онд Сангийн яамнаас эхлүүлж, 2020 он хүртэл Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар 2020-2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга, 2021-2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан байна. Мөн 2022-2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, 2025-2026 онд УИХ-ын даргын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Харин 2026 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.