УИХ-ын гишүүдийг зөрчлийн хариуцлагаас хамгаалсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

УИХ-ын гишүүдийг зөрчлийн хариуцлагаас хамгаалсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хориглосон зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэц уг заалтын УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахыг хориглосон хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр Цэц УИХ-ын гишүүдийг зөрчлийн хариуцлагаас хамгаалсан дээрх зохицуулалтыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн байна.