Х.Нямбаатарын амьдарч байж болзошгүй Ванкувер хотод сарын 12- 30 сая төгрөгөөр таунхаус, тансаг зэрэглэлийн пентхаус түрээслэх боломжтой

Х.Нямбаатарын амьдарч байж болзошгүй Ванкувер хотод сарын 12- 30 сая төгрөгөөр таунхаус, тансаг зэрэглэлийн пентхаус түрээслэх боломжтой

Х.Нямбаатарын Канад улсын Бритиш Колумбиа мужийн Ванкувер хот дахь Starbucks кофе шопын гаднах сандал дээр өөр гурван хүний хамт сууж буй гэрэл зураг манай редакцад ирсэн юм.

"HAPPY HOLIDAYS" 

Зурагт Х.Нямбаатар Старбаксын гадна талбайд сууж буй нь харагдана. Старбакс нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг франчайз кофены сүлжээ бөгөөд Монгол Улсад одоогоор салбараа нээгээгүй байгаа. Түүний сууж буй газрын хажууд цагаан дэвсгэртэй, улаан хүрээ бүхий дугуй тэмдэг байх бөгөөд дотор нь найман талт хар дүрс, түүнийг дайрсан улаан ташуу зураас, доод хэсэгт нь сум дүрсэлжээ. Энэ нь автомашин түр зогсохыг хориглосон замын тэмдэг юм. Тухайлбал, сум зүүн тийш заасан бол тухайн тэмдгээс зүүн чиглэлд үргэлжлэх хэсэгт автомашин түр зогсохыг хориглодог. Уг тэмдэг нь Канадын замын хөдөлгөөний тэмдэглэгээнд хэрэглэгддэг бөгөөд Бритиш Колумби, Онтарио, Квебек, Нова Скотиа зэрэг мужийн замын хөдөлгөөний гарын авлага, журамд тусгажээ. Мөн зурагт улаан хүрэн өнгийн тоосгон хана, хар ногоон хүрээтэй том цонх, барилгын гаднах хар төмөр хашлага бүхий суудлын хэсэг харагдана. Эдгээр шинж нь Ванкувер хотын Yaletown дүүргийн хуучин үйлдвэрийн болон агуулахын зориулалттай барилгуудын архитектуртай төстэй юм. Тус дүүрэгт хуучин тоосгон барилгуудыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах нь түгээмэл.

Зурагт харагдаж буй хүмүүсийн хувцаслалтаас тухайн өдөр цаг агаар сэрүүхэн байсныг таамаглаж болохоор байна. Канад улсад амьдарч байсан монголчуудын ярьдгаар тус улсын зарим бүс нутгийн цаг агаар Монголынхтой төстэй байдаг. Гэхдээ Ванкувер хот Канадын бусад томоохон хоттой харьцуулахад өвөлдөө харьцангуй дулаан, чийглэг уур амьсгалтай аж. Тус хотын арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур 7.5 хэм, арванхоёрдугаар сард 5.2 хэм орчим байдаг ажээ. Харин сүүлийн долоо хоногт өдрийн температур 10-15 хэмийн хооронд хэлбэлзэж, шөнөдөө 3-6 хэм хүртэл буурсан байна. Тэгвэл ийм төрлийн цаг агаарт  дотортой намрын куртик, малгай, ороолт өмсөхөд тохиромжтой аж.  Түүнчлэн Х.Нямбаатарын хажууд сууж буй эрэгтэйн улаан малгайн дээр Канадын төрийн далбааны дүрс харагдаж буй нь сонирхолтой. 

Үргэлжлүүлэн зургийг ажиглахад цонхны цаана зул сарын баярын чимэглэл байж болохуйц ногоон өнгийн чимэглэл, түүний хажууд улаан өнгийн бантик харагдаж байна. Цонхон дээрх бичгийн зөвхөн “ys” гэсэн төгсгөл болон хэд хэдэн одны дүрс үзэгдэх тул үүнийг “Happy Holidays” гэсэн бичгийн хэсэг байж магадгүй хэмээн таамаглаж болох юм. Канад нь олон соёл, шашинт орон учраас дэлгүүр, кофе шоп, худалдааны төвүүд баярын улиралд “Happy Holidays” буюу “Баярын өдрүүдийн мэнд” гэсэн ерөнхий мэндчилгээг ашиглах нь түгээмэл. Түүнчлэн Starbucks Canada 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас баярын тусгай меню, улаан, ногоон өнгийн аяга болон улирлын бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргаж эхэлжээ.

Дээрх зураг цахим орчинд эрчимтэй тархсаны дараа Х.Нямбаатар цахим хуудсандаа “Миний амьдарч байгаа байр, сургууль, хаа явсан газарт хэдэн бөөвийсөн юмнууд байнга дагаж, эргэлдэж байгаа...” хэмээн бичсэн байна. 

- Х.НЯМБААТАРТАЙ ХАМТ КАМЕРЫН ДУРАНД ӨРТСӨН ЭМЭГТЭЙ ТҮҮНИЙ ШИНЭ ЭХНЭР СОЛОНГО БАЙХ МАГАДЛАЛТАЙ -

Нэр бүхий иргэн “Канадын оюутан хоёр бие хамгаалагчтай паркт гүйж байгаа мэдээлэл ирэв” хэмээн хэд хоногийн өмнө цахим хуудсаараа бичиж байв.  Харин камерын дуранд бууснаар Х.Нямбаатар гурван хүний хамтаар нэг ширээнд сууж буй нь харагдана. Канад зэрэг барууны орнуудад бусдын сууж буй ширээнд зөвшөөрөлгүйгээр очиж суухыг зохисгүй, бүдүүлэг үйлдэлд тооцдог. Зурагт харагдаж буй эрээн цамц, Канад улсынд далбаатай малгай өмссөн залуу эхний зурагт ширээн дээрээ тохойлдож утсаа харж буй дүр зурагтай байгаа бол дараагийн зурагт эргэж Нямбаатар луу харсан байдалтай сууж байна. Үүнээс улбаалан тэднийг хамт яваа хүмүүс байж магадгүй хэмээн таамаглаж болохоор байна. Түүнчлэн ширээний нөгөө өнцөгт суусан залуу ч мөн тэдэнтэй хамт явж байж магадгүй бөгөөд зурагт харагдаж буй хоёр эрэгтэйн царай төрхийг тодорхойлох аргагүй байгаа юм.

Харин Х.Нямбаатарын хажууд суусан эмэгтэй хэн болох талаар цахим орчинд хэдийн хэлэлцүүлэг өрнөөд эхэлсэн байна. Түүний гадна төрх болон хувцаслалтын хэв маягаас харахад ази эмэгтэйн хэв шинжийг бүрэн хадгалж буй. Харин иргэдийн зүгээс түүнийг экс хотын даргын шинэ гэргий байж болзошгүй хэмээн таамаглаж, н.Солонго гэх нэрийг дурьдаж байгаа юм.  Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа Хэнтий аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажиллахдаа энэхүү бүсгүйг нутагтаа дагуулан явснаар анх олны хараанд өртөж байжээ. Тэд хоёулаа хуулийн мэргэжилтэй бөгөөд хамтдаа их сургуульд багшилж байхдаа танилцсан гэсэн мэдээлэл байдаг аж. Дашрамд дурдахад, Х.Нямбаатар 2000- 2007 онд Орхон их сургуульд багшилж байсан хэмээн намтартаа тэмдэглэсэн байдаг.  

Х.Нямбаатар хүүхдүүдийнхээ ээж И.Баярмаатай Орхон их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд оюутан наснаасаа амьдралаа эхлүүлж, гурван хүүхдийн ээж аав болсон байна. Сонирхуулахад, өнгөрсөн 2025 онд охиных нь хэрэглэж буй үнэтэй цүнхны асуудал олон нийтийн анхаарлыг татахад Х.Нямбаатар "Ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр компани нь байгаа" хэмээж байсан юм.

- "ХОТЫН ДАРГА АА. ТА ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВДАГ ВЭ"  - 

Дэлхийн хүн ардын мөрөөдөл нь АНУ байдаг гэдэг. Тэгвэл АНУ-ын иргэдийн мөрөөдөл нь Канад байдаг гэх яриа бий. Тэд уул даван очиж, өөрсдийн мөрөөдлийн оронд амьдрахыг битүүхэн хүсдэг аж. Хүн төрөлхтний мөрөөдөл хэмээн нэрлэгддэг Канад Улсаас ирсэн зурагт харагдаж буй орчныг судалж үзвэл Х.Нямбаатар Ванкувер хотын Yaletown дүүрэгт байрлаж байж болзошгүй байна. Зурагт харагдаж буй Старбакс кофе шоп нь Канадын Бритиш Колумбиа мужийн Ванкувер хотын Yaletown дүүрэгт, 1195 Mainland Street хаягт байрлах салбартай таарч байна.

Энэ орчим нь хотын төвийн худалдаа, үйлчилгээ, орон сууцны бүс бөгөөд өндөр зэрэглэлийн зочид буудал, тансаг зэрэглэлийн апартмент олонтой. Тухайлбал, ойролцоох JW Marriott Parq Vancouver, The DOUGLAS Autograph Collection, OPUS Vancouver зэрэг зочид буудал нэг шөнийн 400–600 канад доллар буюу ойролцоогоор 1–1.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Тус дүүрэгт богино хугацааны зочид буудлаас гадна хэдэн сараар түрээслэх боломжтой тавилгатай орон сууцны сонголт бий. Тухайлбал, 1323 Homer Street хаягт байрлах нэг унтлагын өрөөтэй, 457 кв.фут талбайтай орон сууцны сарын түрээс 3,000 канад доллар буюу 7.56 сая төгрөг байна. Харин 1238 Seymour Street дэх бүрэн тавилгатай студи орон сууцны сарын түрээс 2,200 канад доллар буюу 5.5 сая төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна зогсоол, фитнес, усан бассейн, саун зэрэг нэмэлт үйлчилгээтэй тансаг зэрэглэлийн орон сууцны сарын түрээс 3,300–3,800 канад доллар буюу 8.3–9.6 сая төгрөгийн хооронд байна. Yaletown дүүрэгт таунхаус буюу хотхон хэлбэрийн орон сууц түрээслэхэд сарын 4,750–7,495 канад доллар буюу ойролцоогоор 12–18.9 сая төгрөгийн зардал гарахаар байна. Харин бүрэн тавилгатай, хоёр унтлагын өрөөтэй таунхаусын түрээс сарын 5,950 канад доллар буюу 15 сая төгрөгт хүрч байна. Тус дүүргийн тансаг зэрэглэлийн пентхаусын сарын түрээс 11,800 канад доллар буюу ойролцоогоор 29.7 сая төгрөгийн үнэтэй байна. Тус пентхаус нь 2,200 ам метр квадрат талбайтай гэх зарын мэдээлэл байна.  Түүнчлэн Yaletown дүүргийн хоол, ундны үнэ ч мөн харьцангуй өндөр байдаг аж. 

Сонирхуулахад, өнгөрсөн 2025 оны тавдугаар сард Х.Нямбаатар сэтгүүлчийн "Хотын дарга аа! Нууц биш бол таны орлого болон сарын цалин хэд вэ" гэсэн  асуултанд "Би нийслэлийн Засаг даргаар ажиллаад сардаа 3 сая төгрөгийн цалин авдаг" хэмээн хариулж байжээ. Улаанбаатар хотын Захирагч буюу Нийслэлийн Засаг дарга нь нийтийн албан тушаалтан тул давхар ажил эрхлэхийг хуулиар хориглодог билээ. 

- Х.НЯМБААТАР ХЭЗЭЭ ИРЖ ШАЛГУУЛАХ ВЭ - 

Х.Нямбаатарыг Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж буй тухай ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг өмнө нь мэдэгдэж байв.Үүний дараа Канадаас орогнол хүсэхэд хамгийн том түлхэц үзүүлдэг зүйл бол "улсынх нь Ерөнхийлөгчөөс дарамт шахалт ирвэл тэр хүнийг өмгөөлөлдөө авахад ойртдог" тухай бид мэдээлж байсан. Учир нь нэг хэсэг ор сураггүй мэт алга болоод байсан Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд утасны цаанаас мэдэгдэл хийх нь эрчимжээд байлаа. Түүний шаардлага нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах байв. Хэрвээ ингэвэл өөрөө маргааш нь ирж шалгуулна ч гэж байв. Харин өчигдөр /2026.11.17/ ёсоор болж Ерөнхийлөгч огцрох мэдэгдлээ хийв. Үүний дараа хүмүүсийн хамгийн их асууж буй асуулт нь магадгүй “Х.Нямбаатар хэзээ ирж шалгуулах вэ” байх.

Нөгөө талд Ерөнхийлөгчийг огцрохоо зарласан өдөр тархсан түүний зургаас харахад харин Х.Нямбаатар айдаст автсан байна гэсэн таамаг дэвшүүлж болохоор байгаа юм. Түүний нүдний хэлбэр, нүдээ онийлгосноос нь харахад тэрбээр их бодлогоширсон нь шууд анзаарагдана. Түүнчлэн амиаа хумьж, дотогшоо сорсон байгаа нь эргэлзсэн, үл итгэсэн, түгшүүрт автсан хэмээж болох юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нямбаатар өөрөө ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд процесс яаж явагддагийг мэдэх тул айдастай байж магадгүй хэмээсэн юм.