Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна. Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд:
6 сарын 10-ны өдөр Казакстан,
6 сарын 11-нд Токио,
6 сарын 15-нд Энэтхэг,
6 сарын 17-нд Сөүл (транзит),
6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.
Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна.
Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан " 524 иргэн тусгаарлалтад байсан хаягаа сольсон байна. Цаашид гэрийн тусгаарлалтад байсан иргэд хаягаа солихгүй байх шаардлага тавина. 14 хоногийн дараа коронавирус илэрсэн тохиолдол гарсан. Үүнийг анхааран үзэх хэрэгтэй.
Сонгуулийн үед баримтлах журам гарсан. Энэ хүрээнд үүнийг нэр дэвшигч, намын менежерүүдэд хүргэнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байна.
Монгол Улсын хилээ давж орж ирчхээд албан хаагчдын шаардлагыг үл биелүүлэх тохиолдол гарч байна. Шуурхай штаб бүх төрлийн мэдээллийг авч ажиллаж байна" гэв.