Х.Нямбаатарын гомдлоор цагдаад 5 цаг байцаагдсан гэх бүсгүйн эгч, өмгөөлөгчтэй ярилцлаа

Х.Нямбаатарын гомдлоор цагдаад 5 цаг байцаагдсан гэх бүсгүйн эгч, өмгөөлөгчтэй ярилцлаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын сурталчилгааны зурагт самбарын дор нэгэн бүсгүй “ЖДҮ-чдийг дахин сонгохгүй” гэх бичиг барин зогсож зургаа авахуулан өөрийн цахим хуудаснаа байршуулсан. Гэтэл МАН-ын гомдлоор тус бүсгүйг цагдаагийнхан гэрээс нь баривчилж олон цагаар байцаасан. Ингэхдээ ажлын цаг тарсан хойно буюу шөнө гэрээс нь баривчилж улмаар утсыг нь хураан авч холбоо барих боломжгүй болгосон гэдэг.

Иргэний тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан энэхүү үйл явдал өнгөрсөн амралтын өдөр олны анхаарлыг нэлээн татсан.

Үзэл бодол, үгээ илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэтэл үгээ, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнээ эрх барьж буй төр нь тэр дундаа УИХ-ын гишүүн нь цагдаагаар дарамтуулаад байвал энэ улсын үнэт зүйл ардчилалд аюул нүүрлэжээ гэж хэлэхээс өөр аргагүй.

“Буруудсан” бүсгүй өнөөдрийн байдлаар сэтгэл тайван бус айдастай байгаа бөгөөд тэрбээр бусдыг заналхийлээгүй, турхираагүй, аюул занал учруулалгүй зөвхөн тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Түүний үйлдэл ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгийг хуульчид ч ярьж байна. 

Бид редакцийн бодлогоор бүсгүйн нэрийг нууцалж буй бөгөөд түүний эгч А.Билэгээ, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нараас тухайн өдөр болсон үйл явдлын талаар тодрууллаа.

СОНСОХ: 

-БҮСГҮЙН ЭГЧ А.БИЛЭГЭЭ: МИНИЙ ДҮҮГ БАРИВЧЛАХДАА НЯЛХ
ХҮҮХДИЙГ НЬ ГЭРТ НЬ ҮЛДЭЭГЭЭД АВЧ ЯВСАН-

-Тухайн өдөр яг ямар үйл явдал болсон юм бэ. Дүү тань улс төрийн итгэл үнэмшлийнхээ дагуу ЖДҮ-чдийг дахин сонгохгүй гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн харагдсан?

-Дүү минь 22 настай үзэл бодол нь төлөвшсөн эмэгтэй. Гэр бүлтэй, нэг ойтой хүүхэдтэй. Миний дүү үзэл бодлоо илэрхийлж пайз өргөж зогссон. Гэтэл тухайн өдрийнх нь орой цагдаагийнхан манай дүүг гэрээс нь баривчилсан. Хамгийн гол нь нэг ойтой хүүхдийг нь өсвөр насны хүүхдэд үлдээлгээд ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй авч явсан.

-Цагдаагийн газарт очоод хэдэн цаг саатуулагдсан бэ?

-Гэр бүлийнхэн нь 20.35 минутад гэрт нь ороход байхгүй байсан. Тэгэхэд л мэдсэн. Дүү маань “Эгчийг цагдаагийхан аваад явчихлаа. Хааш нь авч явсныг мэдэхгүй байна” гэж хэлээд уйлсан. Ингээд бид хайж эхэлсэн. Бүх цагдаагийн хэлтэс рүү тарж хайцгаасан. Нэг, хоёр, гуравдугаар хэлтсээр орж хайсан. Бүгд байхгүй гэсэн. Ингээд аргаа бараад дүүгийнхээ хөршүүдээс нь асуухад 20-23 дугаартай автомашин авч явсан гэж хэлсэн. Ингээд машиных нь дугаараар хөөж үзтэл гуравдугаар хэлтсийнх болж таарсан. Тэнд дахин очоод асуутал “Тийм хүн ирээгүй” гэж хариулсан. Бид “Авч явсан нь машин нь энд байна шүү дээ” гэж хэлж шаардахад хоёр давхарт байцаагдаж байгаа юм байна гэж сая нэг хэлж байгаа юм. Таван цаг байцаасан. Шөнийн 00.00 цаг өнгөрч байхад бид дүүгээ гаргаж авсан.

-Цагдаа нар яг ямар хэрэгт буруутгаж авч явсан юм бэ?

-МАН-ын төлөөлөл Гүнждагва гэдэг хүний гомдлоор шалгасан гэсэн. Яг ямар хэрэгт буруутгагдсанаа манай дүү мэдээгүй. “Хэдэн зүйл тодруулмаар байна” гэж хэлээд л авч явсан. Миний дүү зүгээр л үзэл бодлоо илэрхийлсэн.

-Дүү тань “ЖДҮчдийг дэмжихгүй” гэсэн бичиг барьж зургаа авахуулаад зөвхөн өөрийн хувийн орон зайдаа нийтэлсэн юм уу. Эсвэл өөр олон газарт түгээсэн юм уу. Ер нь яагаад нэр бүхий нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн юм бол?

-Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрийн хувийн орон зайдаа л тавьсан. Ямар нэгэн байдлаар тараагаагүй. Цагдаагийхан гар утсыг нь зөвшөөрөлгүй хураан авч доторх чат, зургийг нь хуулбарлан авсан. Мөн яг дэргэд нь хүн зодож сэтгэл зүйн хувьд айлган, мохоох үйлдэл гаргасан байна лээ.

-Утсыг нь хураан авсан учраас та бүхэн дүүтэйгээ холбоо барьж чадахгүй байсан байна. Тийм үү?

-Тийм.

-Одоо үргэлжлүүлээд шалгаж байна уу. Эсвэл хэргийг хаасан уу?

-Одоогоор үргэлжлүүлж шалгаагүй байна.

-Дүүгийн тань сэтгэл санааны байдал ямар байна?

-Хүнд байна. Гэртээ байхад нь цагдаа нар орж ирээд авч явсан. Тэгэхээр хэзээ дахин ирэх бол гэсэн айдастай байна шүү дээ. Миний дүү бол тогтсон үзэл бодолтой хүн. Түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Гэтэл цагдаа нар лоозон барьж зогссон зорилгыг нь тодруулахаар улайрсан.

ӨМГӨӨЛӨГЧ Г.ЦОЛМОНГЭРЭЛ: МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ГАР УТСЫГ ХУРААН АВЧ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЬ ХУУЛЬ БУСААР ХУУЛБАРЛАЖ АВСАН-

-Цагдаа нар ажлын цаг тарсан хойно бүсгүйг саатуулсан байна. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж байцааж, саатуулсан нь хуулийн яг ямар зүйл заалтыг зөрчсөн бэ?

-Миний үйлчлүүлэгч зургаан сарын 20-ны өдөр надтай уулзсан. Нэг нас дөнгөж хүрсэн хөхүүл хүүхэдтэй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлээд “Энэ хүмүүсийг сонгохгүй” гэдгээ тайван замаар илэрхийлж түүнийгээ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Ийм л үйлдэл шүү дээ. Зургаан сарын 19-ны орой хүүхэд болон насанд хүрээгүй дүүтэйгээ хамт гэртээ байж байхад нь 20.00 цагийн үед 3-4 цагдаа орж ирээд дагуулаад авч явсан. Миний үйлчлүүлэгч “Би явах боломжгүй. Хүүхдээ харах шаардлагатай байна. Хүүхэд маань нялх шүү дээ” хэмээн учирласан. Гэтэл хүүхдийг нь насанд хүрээгүй дүүд нь үлдээгээд хүчээр авч явсан. Оройн цаг шүү дээ. Цагдаагийххан цагдаагийн хэлтэс дээр авчирч ирээд бусад хүнтэй холбоо барих бололцоо олгоогүй. Цагдаа нар санаачлагаараа ар гэрт нь мэдэгдэж хоёр жаахан хүүхэд үлдээснийг мэдэгдэх ёстой шүү дээ. Гэтэл тэр үүргээ гүйцэтгээгүй.

Хэнтэй ч холбоо барих боломжгүй болгоод бүтэн нэг цаг өрөөнд ганцааранг нь суулгасан. Ингээд цагийн дараагаас мэдүүлэг авч эхэлсэн. Мэдүүлэг авахдаа сэжигтэн, гэрчийн алинаар нь авч буйгаа хэлээгүй. Угтаа бол гэрчээр авах ёстой. Ингэхдээ хууль сануулах байсан. Хуульчаас туслалцаа авч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөн өөрийгөө хамгаалах үндсэн эрхтэй байхад тэр эрхийг нь хангаагүй.

Хууль сануулахгүйгээр тал, талаас нь мэдүүлэг авсан. Тэр бүү хэл гар утсыг нь асааж байгаад доторх хувийн харилцаа холбооны мэдээллүүдийг хуулж авсан. Хуулж авах явцдаа “Хэрвээ хувийн чат, бичлэгийг тань хуулж авч буйг гадагш хэн нэгэнд мэдэгдвэл чамд л муу юм болно шүү” гэж сүрдүүлсэн. Мөн зэргэлдээх камерт нь байгаа хүнийг бороохойдон зодсон байгаа юм.

Гэрийнхэн нь хайж олоод ирж асуухад цагдаа нар “Дүү тань байхгүй” гэж хариулсан. Энэ бол хүн хулгайлж буйтай ижил үйлдэл. Энэ бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хүний эрх зөрчөөд зогсохгүй эрүүдэн шүүсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд тэр даруйдаа цагдаагийн хэлтсийн даргад гомдлоо өгсөн. Хариу ирээгүй л байна.

-Яг ямар шалтгаанаар саатуулсанаа таньд тайлбарласан уу?

-Бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн. МАН-аас Гүнждагва гэж хүн гомдол гаргасан. Түүний гмодлын дагуу шалгасан л гэсэн. Бид цагдаагийн хэлтсийн даргаас ирэх хариуг хүлээж байна. Цаашид шаардлагатай газарт нь гомдлоо гаргана. Прокурорт гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн асуудлыг шалгуулна.

-Бүсгүй үзэл бодлоо илэрхийлсэн нь сонгуулийн хуульд харшилж байгаа юу?

-Эрүүгийн хуульд “Хүний итгэл үнэмшил, үзэл бодолтой холбогдуулж гэмт хэрэгт яллахгүй” гэж заасан. Постыг харсан. Хэн нэгнийг гутаан доромжилсон, илт худал мэдээлэл агуулсан зүйл байгаагүй. Энэ мэт үйл ажиллагаа дэлхий даяар, Монгол улсын өнцөг булан бүрт зохион байгуулагдаж байна. Тэр бүх хүнийг цагдан хорих юм уу. Хүмүүс цуглан цагдаагийн газрын гадна цуглан шаардаж байж бүсгүйг суллуулсан.

Үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүнийг тиймэрхүү байдлаар байцаах юм уу. Энэ бол Ардчилсан Үндсэн хууль түүнээс салбарласан бүх хуулийг зөрчиж байна гэж хуульч хүнийхээ хувьд үзэж байна. Тухайн хүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдсан бол бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар болбол тийм байдлаар байцаалт авахыг зөвшөөрдөг. Гэтэл миний үйлчлүүлэгч хэний ч эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулаагүй шүү дээ. Бид хүний эрхийн байгууллагад хандана.

-Шууд асууя. Энэ үйл явдлын цаана нэр бүхий улс төрч байгаа гэх мэдээлэл байгаа шүү дээ. Үүн дээр та ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Гомдлыг МАН гаргасан гэсэн. Ард нь хэн байгааг хэлж мэдэхгүй юм. Баримтгүй учраас хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хууль, хүний эрх зөрчигдсөн байна. Алдаа гарсан байна.