Өнөөдөр АНУ-аас Монгол улсын 260 иргэний хамт түүхийн ховор олдворууд ирж байна

Өнөөдөр АНУ-аас Монгол улсын 260 иргэний хамт түүхийн ховор олдворууд ирж байна

Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600  гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.  Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсаар байна.

-МИАТ КОМПАНИ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ-

Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд  зургадугаар сарын 21-ны өдөр  Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэх онгоц АНУ-г зорьсон. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн ирэх бөгөөд тусгай үүргийн онгоц  маргааш /2020.06.24/ Улаанбаатарт газардах аж.

-МОНГОЛ УЛСААС ОЛДСОН УГ ТҮҮХЭН ОЛДВОР НЬ АНУ-Д ХУУЛЬ
БУСААР ЗАРАГДАЖ БАЙЖЭЭ-

АНУ-ын Сиэтл хотоос ирэх тус онгоц буцаж ирэхдээ АНУ-д гацсан иргэд болон АНУ-д хууль бусаар зарагдаж байсан Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчрахаар болжээ.

Энэ талаар Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа "Үлэг гүрвэлийн олдворуудаа хилийн албан хүлээлгээд өгчихлөө. Маргааш ачна" хэмээн бичсэн байв.

Уг олдвор нь найман сая жилийн өмнө амьдарч байсан Тарбозавр батаар, Хөхтөн велокираптор, хуягласан анкилозавр зэрэг динозавруудын яс аж. Цэрдийн үед Монголын говь өргөн уудам хөндий, цэнгэг устай нуур, чийглэг уур амьсгалтай байсан учир судлаачид Монголын говь цөлийг “дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн олдворын сан” гэж нэрлэдэг аж.

-BBC АГЕНТЛАГТ МЭДЭЭЛСНЭЭР УГ ОЛДВОРЫГ ХОЛЛИВУДЫН ЖҮЖИГЧИН
НИКОЛАС КЕЙЖ ХУДАЛДАЖ АВСАН БАЙЖЭЭ-

BBC агентлагт мэдээлснээр уг хулгайлагдсан олдворуудыг Холливудын жүжигчин Николас Кейж худалдаж авсан аж.  АНУ-ын Цагаачлал, гаалийн хэрэгжүүлэлтээс сүүлийн таван жилийн хугацаанд 44 сая долларын үнэтэй хууль бус динозаврын олдворуудыг хураан авсан болохыг тогтоосон байна. АНУ-ын Колорадо болон Техас мужаас хураагдаж, шүүх хурлаар хэрэг нь шийдэгдсэн дөрвөн төрлийн динозаврын долоон олдворыг Монгол Улс руу ийнхүү авчрахаар болжээ.




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө