Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ

Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ

Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг маргааш /2020.06.25/ ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэжээ. Мөн энэ онгоцоор Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирэх аж.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна. Тодруулбал, долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлсэн бөгөөд энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.

Улаан талбайд болж буй Ялалтын баярын цэргийн парадад оролцож байгаа бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон юм.