Хятадаас хүнсний ногоо их хэмжээгээр оруулж ирж эхэлжээ

Хятадаас хүнсний ногоо их хэмжээгээр оруулж ирж эхэлжээ

Төмсний бөөний үнэ 400 төгрөгөөр буурчээ.
 
Жил бүрийн өдийд хүнсний ногооны үнэ тэнгэрт хаддаг. Харин энэ долоо хоногоос үнэ нь буурчээ. Улаанбаатартаа л хамгийн хямд үнээр хүнсний ногоо борлуулдаг “Барс” захын бөөний төв рүү очиход нэг килограмм төмсний үнэ 1000-1600 төгрөг болж буурчээ. Тодруулбал, хятад төмсний бөөний үнэ 1000-1200 төгрөг байсан бол монгол төмс 1400-1600 төгрөг байв. Гэтэл жижиглэнгийн лангуунуудад хятад төмс байсангүй. Харин Жаргалантын болон буриад сортын төмс килограмм нь 1800-2000 төгрөг, бөөний үнэ нь 1700-1900 төгрөг байлаа.
 

Ердөө төмсний бөөний үнэ л гэхэд нэг зах дотор  300-500 төгрөгний зөрүүтэй байх юм. Бөөний төвөөс нэг килограмм ногоо ч авч болно. Мөн “Барс” захад хятад болон монгол байцааны бөөний үнэ 800-900, лууван 1300, сонгино 900 төгрөг байна. Харин Монголын хамгийн том худалдааны төв гэгдэх “Нарантуул” захын хүнс, нарийн ногооны бөөний болон жижиглэнгийн төвд хятад төмс байхгүй байлаа. Худалдагчид монгол төмсөө 1800-2000 төгрөгөөр зарж байгаа бөгөөд бөөний үнэ нь ч мөн ижил гэлцэж байсан юм. 

Өчигдөр их үдийн үед “Барс” зах дээр очиход хүнсний ногоо бөөндөж авч буй хүмүүсийн ногоог худалдагчид шуудай шуудайгаар нь зөөж байлаа. Ер нь зах хөл хөдөлгөөн багатай, цайны газрын эзэд л ногооны хэрэгцээгээ базааж байгаа харагдана. Хүнсний ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн эхний агуулах руу ороход байнгын үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд, өөр лангуунаас хямд үнийн санал тавьж “Дараагийн удаа манайхаас төмсөө 1100 төгрөгөөр аваарай” гэж байлаа. Төмс, хүнсний ногооны үнэ болон өссөн шалтгааныг нь худалдагч Х-ээс тодруулахад “Сүүлийн 2-3 өдөр төмсний үнэ бууж байгаа. Хятад төмс 1200, монгол төмс 1600 төгрөг болсон. Ер нь бол монгол төмс дуусаж байна. Хятадаас замбараагүй их төмс орж ирж байна.

Хятад сонгино, байцааны үнэ 900 төгрөг болсон. Монгол сонгино байхгүй. Мөн ОХУ хилээ хаасан учраас зөвхөн хятад сонгино байна. Ерөнхийдөө шинэ ургацын монгол байцаа гарч эхэлсэн. Килограммыг нь 800 төгрөгөөр зарж байна. Манжингийн үнэ бас буураад, нэг килограмм нь 3500 болсон. Уг нь бол манжин 1000 гаруй төгрөг байдаг. Түрүү жил манжингийн ургац муу байсан. Тэгээд л үнэ нь өссөн байх. Лууван шуудай нь 50 мянга, килограммаараа 1300 төгрөг орчим болно. Хүнсний ногооны үнэ яг хэдэн төгрөгөөр буурсан гэдгийг бид нар мэдэхгүй. Ченж нар л мэднэ. Жил бүрийн өдийд үнэ өсдөг. Одоо буцаад бууж эхэллээ” гэсэн юм. 

“ӨГЛӨӨ 1800 ТӨГРӨГӨӨР АВСАН ТӨМСӨӨ 1400 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА”

Тэгвэл энэ талаар “Барс” захын хүнсний ногооны ченж “Хүнсний ногооны ханш хэд байна, түүгээр л бид зардаг. Үнийн хөөрөгдлийн төөрөгдлийг жаргалантынхан өөрсдөө эхлүүлсэн. Бид бол үнэ хөөрөгдөггүй. Үндсэндээ бид түрээс төлдөг учраас хүнээс хэдэн төгрөгийн бараа авна, түүн дээрээ 50-100 төгрөг нэмдэг. Зах зээл дээрх өндөр үнийн тоглолтыг бид хийдэггүй. Учир нь, бид суурин эндээ байдаг. Жишээ нь, би өнөөдөр чамд 1000 төгрөгөөр ногоо зарчихаад, маргааш 2000 төгрөгөөр зарвал чи надаас ахиж авахгүй шүү дээ. Байнгын түнш, харилцагчтай учраас үнэтэй байсан ч маргааш ногооны ханш унавал тэрийг л дагадаг. Өглөө 1800 төгрөгөөр авсан төмсөө 1400 төгрөгөөр зараад сууж байна” гэсэн юм. Түүнээс зарим асуултад хариулт авлаа. 

-Яагаад үнийг нь бууруулж зарж байна вэ?

-Авсан төмсөө хадгалаад байвал, үнэ нь улам л буурах магадлалтай. Тэгэхээр үнийг нь бууруулж зарахаас өөр аргагүй. Зах зээл ийм л байдаг. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад төмсний бөөний үнэ 400 төгрөгөөр буурсан байна. 

-Хятадаас маш их хэмжээний төмс орж ирж байгаа гэдэг үнэн үү?

-Зах зээлээ хамгаалахын тулд Хятадаас төмс оруулж ирж л таарна. Бид Жаргалантын тариаланчдын аманд орж, огт юу ч үгүй байна гэж байхгүй. Хоолны газрын хэрэгцээг хятад ногоогоор л хангадаг. Хятад ногоо муу гэж өрөөсгөл ярьж болохгүй. Бид хятад төмсийг бараг дэлхийд байхгүй өндөр татвар төлөөд, хил гаалиар оруулж авчирч байна. Өнөөдөр бид хятад ногоог 1100 юм уу 1000 төгрөгөөр зарах боломжтой байхад, монгол ногоог татвар төлөхгүй хэр нь үйлдвэрлэгчээс хүний гарт аваачихад л ийм үнэтэй байна. Бараа элбэг байхад хэзээ ч барааны үнэ өсдөггүй.

Хятадаас нэг килограмм төмс 1000 төгрөгөөр авсан бол тэрийгээ 1050 төгрөгөөр бөөнддөг. Тэрнээс биш, хятад ногоо хорт хавдар үүсгэдэг, муу гэдэг худлаа. Хүмүүс хятад улаан лооль, өргөст хэмхийг угаасан болоод л хэрэглэдэг шүү дээ. Харин төрийн томчуул ард түмний тархийг угаахаа болих хэрэгтэй. Өнгөрсөн намар л гэхэд, хятад ногоо оруулахгүй монгол ногоогоороо дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн. Энэ жил дотоодын ургацаар төмсний хэрэгцээгээ 100 хувь хангалаа гэхэд нэг килограммыг нь 2500 төгрөгөөр зарна. Зарим талаараа тариаланчдыг өмөөрөх зүйл байдаг. Өдийг хүртэл ногоо хадгалахад хорогдол гарна, хүмүүсээ цалинжуулна, зоорины хөлс төлнө. Энэ бүх зардлыг бодлоо гэхэд л 1000 төгрөгөөр төмсөө өгөх боломж байгаа.

Гэтэл “Та нар 1800 төгрөгөөр ирээд авбал ав” гэж байсан мөртлөө одоо үнэ нь буурахаар “Төмсний үнэ ханшийг унагасан шүү. Одоо авах уу?” гэж байна. Тэгэхээр ченж нар барааны үнийг өсгөдөг гэж ойлгох нь буруу. Ченж ч гэсэн адилхан ардаа ар гэр, амраг садантай. Монголбанк ч гэсэн бусад банкийг ченж болгон арилжааны банк ажиллуулж байгаа. Өнөөдөр 30 хувийн татвар төлөөд ч болтугай хятад ногоо оруулж ирэхгүй гэвэл намар тэртээ тэргүй монгол ногооны үнэ өснө. Хятад ногоо орж ирж байж л үнийн тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ өнөөдөр Хятадаас төмс орж ирээгүй бол монгол төмсний үнэ 2000 төгрөг давчихсан байгаа. 

-Монгол болон хятад төмсний үнийг зөрүү хэр их байна вэ?

-400 төгрөгийн зөрүүтэй байна. Өмнө нь бараг 1000 төгрөгийн зөрүү гарч байсан. Монгол төмсөө 1900, хятадыг нь 1100 төгрөгөөр зарахад 800 төгрөгийн зөрүүтэй байлаа. Лангуун дээр бол үүнээс ч их зөрүү гарсан. Одоо бол монгол төмсөө 1400, хятадыг нь 1000 төгрөгөөр бөөндөж зарж байна. 

-Хүнсний ногооны үнийг хаана хамгийн их хөөрөгддөг вэ?

-Ер нь монголд тариаланчид ногоогоо үнэтэй зардаг. “Гацуурт”-ын Чинбат “Барсынхан монгол, хятад ногоог хооронд нь хольдог. Тиймээс тэдэнд төмсөө өгөхгүй. Чанарыг нь муутгачихна” гэж ярьсан. Гэтэл бид төмсөө хооронд нь хольдоггүй. Үнэндээ монгол сортын цагаан төмс байдаг. Буриадаас оруулж ирдэг перкус граны гээд хамгийн эртний цагаан төмсний сорт бий. Гадаа ногоо зарж байгаа хүмүүс “Барсынхан ногооны үнэ бууруулж, шуудайг нь 5000 төгрөгөөр авах гээд байна” гэж худал хэлдэг. Гэтэл таван машин ногоо орж ирээд хоёр нь зарагдахад, үлдсэн гурав нь үнээрээ өрсөлдөж байгаад бүр уначихдаг. Түүнээс биш, бид энд өндөр түрээс төлж, 2-3 ачигч ажиллуулаад, батлагдсан лабораторид нэг төрлийн ногооноосоо шинжилгээний дээж өгөн, цаг тутам жингээ хэмжүүлж, өөрсдөө эрүүл мэндийн үзлэгт ордог. Өнөөдөр би хятад байцааг 850 төгрөгөөр зарж байна. Ер нь энэ хаваржингаа л ханш нь ийм байсан. Гэтэл эртний ургацын монгол байцаа нэг килограмм нь 3500 төгрөгөөр зарагдаж эхэлсэн гэв. 

-“НАРАНТУУЛ” ЗАХАД МОНГОЛ ТӨМСНИЙ ҮНЭ 1800-2000 ТӨГРӨГ БАЙНА-

Мөн “Барс” хүнсний захын бөөний төвийн өөр нэг ченжээс хүнсний ногооны үнэ ханшийг тодруулахад “Төмсний үнэ ойролцоогоор 500-600 төгрөгөөр буурч байна. Монгол төмсний нөөц дуусаж байгаа. Тэгэхээр чинь хятад төмс их хэмжээгээр орж ирэхгүй яах юм. Бусад хүнсний ногоо ч мөн адил үнэ нь буурч байна. Зүүн хараагийн шинэ ургацын байцаа гараад эхэлчихлээ” гэсэн юм. Хэдийгээр “Барс” хүнсний зах гэсэн нэг нэртэй ч бөөний болон жижиглэнгийн худалдаанд хүнсний ногооны үнэ харилцан адилгүй байна.

Бөөний төвд төмс сорт, хаанаас авчирснаасаа шалтгаалаад 1000-1600 төгрөг байсан бол зах доторх лангуун дээр шинэ ургацын монгол төмс 2500, хуучин нь 2000 төгрөг байсан бөгөөд хятад төмс байхгүй гэж хариуллаа. Лангуунаас монгол төмс бөөний үнээр авбал 1900 төгрөг болно гэв. Мөн “Дэвшил трейд” компанийн лангуун дээр Жаргалантын төмсний жижиглэнгийн үнэ 1800 төгрөг байсан бол 50 килограммыг нь 1700 төгрөгөөр бөөндөх гэнэ. “Барс” захаас “Нарантуул”-ыг зорьж очвол мөн л монгол төмсний үнэ 1800-2000 төгрөг байлаа. Ялгаатай нь хятад төмс хараахан орж ирээгүй, байгаа төмсний маань бөөний үнэ ч ялгаагүй 1800 төгрөг гэв.

Хавар тийш Монголын хүнс ногооны нөөц барагдаж, эрэлт ихсэхээр үнэ нь өсдөг. Энэ үед Хятадаас хүнсний ногоо оруулж ирснээр үнийн тэнцвэр тогтоно. Мөн монгол тариаланчдын шинэ ургацын байцаа, лууван худалдаанд гарч, нэг үе тэнгэрт хадсан хүнсний үнэ “газардаж” байна. Зөвхөн хүнсний ногоо гэлтгүй “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр арай л үнэтэй байна” гэдэг ч аргагүй дэг. Хаа сайгүй санхүүгийн нөхцөл хүнд үед үйлчлүүлэгч ч, борлуулагч ч хямдыг нь сонгоно. Тиймээс дотооддоо хямд үнийн тариф тогтоож байж үндэсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийг бодолцох цаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН