АНУ-д голд живж байсан охиныг аварсан Н.Амарбаясгалан, Б.Дашням нартай ярилцлаа

АНУ-д голд живж байсан охиныг аварсан Н.Амарбаясгалан, Б.Дашням нартай ярилцлаа

АНУ-ын Охайо мужийн Валлтон Хиллс хотод нэгэн Америк охин үерийн усанд живж байсныг монгол залуус аварсан талаар өмнө мэдээлсэн.

Тус хотод орсон борооны улмаас гол үерлэж, таван настай охин живсэн байна. Ойр хавийн хүмүүс цагдаа дуудсан ч ирэхийг нь хүлээвэл охин аюулд орох эрсдэлтэй учраас Н.Амарбаясгалан, Б.Дашням хэмээх хоёр монгол залуу үерийн ус руу орж охиныг аварсан байна. Тэд хоёулаа хөлбөмбөгийн спортын мастер бөгөөд уг үйл явдал тэднийг аялалаар явж байх үед тохиолдсон байна. Харь нутагт бахархам үйл хийсэн залуустай ярилцлаа.

-ОХИН ОЛСООР ӨӨРИЙГӨӨ МАШ САЙН УЯСАН БАЙСАН-

-Сайн байна уу. Юуны өмнө гавъяат үйл хийсэнд баяр хүргэе. Уншигчдад өөрсдийгөө товч танилцуулаач?

-Н.Амарбаясгалан: Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.

Б.Дашням: Сайн байна уу. “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна. Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.

-Тухайн үед юу болсон талаар яриач?

-Долдугаар сарын 8-нд бидний аяллын 10 дахь өдөр байсан. Төлөвлөгөөний дагуу Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах байсан ч тухайн өдрийн өглөөнөөс тийш явах нь бүтэлгүйтсэн.

Учир нь Калифорни мужийн харьяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карантилах шаардлагатай болсон. 

Ингээд Нигара хүрхрээг үзэх боломжгүй болсон бид GUYAHOGA National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдсэн. Биднийг National Park-руу орох үед гэнэт хүчтэй бороо орж эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдэж үер буусан байлаа. Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй хүрхрээ рүү жимээ даган алхаж явахад гэнэт эмэгтэй хүний орилох чимээг сонссон. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ нөгөө талд нь нэг жаахан охин гишгэх ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсахаар байсан.

Эхнэрүүд маань 911 дугаарт дуудлага өгч бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Би үлдэж Б.Дашням машин руугаа олс авчирхаар гүйсэн. Яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул  гурвуулаа цагдаагийн авчирсан олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Ашгүй охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид амжилттай уснаас гаргаж чадсан. Яг тэр үед аврах баг ирж таарсан. 

-ХӨӨРХӨН ОХИНЫГ АВАРСАНДАА БИД ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА-

-Охин аюулд орсныг хараад юу бодогдсон түүнийг аварсны дараах сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Н.Амарбаясгалан: Яг тухайн үед юу ч бодогддоггүй юм билээ. Өөрсдөө сайн сэлж чадахгүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ эцэг хүн чинь жаахан охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ. 

-Б.Дашням: Охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эрэггүй учир охин дээр алхаад очих боломжгүй. Мөн бид хоёр сэлж чадахгүй бас урсгал ус доош жаахан урсаад л хүрхрээ рүү цутгадаг учир үерлэсэн ус руу орох ч боломжгүй. Намайг айлгасан зүйл бол “Энэ охин биеэ олсоороо сайн  уяж чадаагүй байвал яаанаа, татаж байхад уясан уяа нь мултарчихвал яаанаа, доошоо унах газар ч үгүй шууд ус руу унана шүү дээ” гэсэн бодол байсан. Охиныг татаж дээш гаргаж ирээд, тэвэрч аваад дээшээ алхах үед тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй бүр дэндүү хүчтэй бас хурдан цохилж байсан. Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана. Маш сайн тайлагдахааргүй уяж чадсан байсан. Тэрнээс хойш би өөрөө бараг шоконд орчихсон. Бас маш их ядарснаа мэдэрсэн. Сүлжээ орж гараад зам дээр машин бариад явж байгаа болохоор сошиалд яг юу болсныг бүрэн анзаараагүй л явна. Маш олон хүнээс талархал урмийн үг ирсэн. Тэр хөөрхөн охиныг аварч чадсандаа өөрсдөөрөө ч бахархаж байна.

Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч ээж болон ах дүүгээсээ салж холдсон байсан. 

-ОХИНЫ ГЭР БҮЛ БИДНИЙГ ГЭРТЭЭ УРЬСАН-

- Охины гэр бүлийн зүгээс болон цагдаа нар ямар сэтгэгдэлтэй байсан бэ. Талархлаа хэрхэн илэрхийлэв?

- Тэр охин гэр бүлтэйгээ АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатны айлдаа зочилж явсан юм билээ.  Сэтгэл нь үнэхээр хөдөлж "Та нар таараагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк мужид ирвэл хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй. Сайхан хүлээж авах болноо" гээд дугаараа солилцсон. 

-Та бүхний бичлэг цахим орчинд тархаж маш их хандалт авсан. Хүмүүсээс урмын үг их ирж байна уу?

Н.Амарбаясгалан: Ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлыг өөрийн фейсбүүктээ байршуулсан байсан. Бид нар хөдөө явж байгаа болохоор сүлжээ орж, гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна.

- Та бүхний аялал одоо үргэлжилж байгаа гэсэн.  АНУ-д коронавирустай холбоотой нөхцөл байдал ямар байна вэ. Яагаад ийм үед аялах болов?

Н.Амарбаясгалан: АНУ-ын хэд, хэдэн мужид халдварын тархалт өндөр болсон. Хамгийн их тархсан мужид Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Анх аялах болсон шалтгаан нь эхнэрийн ажил карантилагдаж мөн энэ хямралын үед түрээсийн байраа илүү хямдаар солихоор болсонтой холбоотой. 

Хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөн аялах санаа төрсөн юм.

Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газартай, хүний хөлнөөс холуур газраар явж өөрсдийнхөө машиныг унаж, майханд хонож агаар салхинд гарч явна.

Б.Дашням: Энд хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгоогүйтэй холбоотой. Эсрэгээрээ маск зүүсэн хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлага байсантай ч мөн холбоотой байх. Одоо бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж мөн зургаан фитээс ойрхон бие, биедээ ойртож болохгүйг сануулдаг болсон. Бидний мэдсэнээр түр зуур ирсэн бараг 2000 орчим нутаг нэгтэн маань энд гацсан байгаа юм билээ. Эх орон руугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.