Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 28-н хүртэл хойшиллоо

Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 28-н хүртэл хойшиллоо

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 28-н хүртэл дахин хойшлуулахаар болсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Тус шүүх хурлыг 2020 оны есдүгээр сарын 30-ний өдрийн 10:00 цагт товлосон боловч 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Хэргийг сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.