СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд "Талх Чихэр”, “Мах импекс” зэрэг зургаан компани хамтран шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд "Талх Чихэр”, “Мах импекс” зэрэг зургаан компани хамтран шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Монголчууд намар бүр өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургац, үндэсний үйлдвэрлэгчдийн шилмэл бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, олон нийтэд хүргэдэг уламжлалтай болоод 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ жил ч мөн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж, өглөөнөөс эхлэн олны хөл хөдөлгөөн тасарсангүй. Үзэсгэлэн худалдааг зорин ирсэн үнээ асууж, хариулахаас эхлэн шууганаар бялхаж,  гартаа тортой хүнсээ дааж ядан ийш тийш алхалж, шинэ бүтээгдэхүүний амталгаа ч өргөн болж байгаа нь харагдана.  Бид энэ удаагийн сурвалжилгаа “Намрын ногоон өдрүүд”-ээс бэлтгэж, шинэ ургацын ногооноос гадна үндэсний үйлдвэрлэгчдийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнийг сурвалжиллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “Талх Чихэр” ХК, “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Өв Соёл” ХХК, “Прайм Пастри” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид “Үндэсний үйлдвэрлэл бидний бахархал” уриан дор бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм. 

- 80 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ "МАХ ИМПЕКС" ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА - 

Үзэсгэлэн худалдааны хөл хөдөлгөөн ихтэй хэсгийн нэг нь “Мах Импекс” ХК-ийн асар байлаа. Тус компани энэ удаагийн арга хэмжээнд уламжлалт бүтээгдэхүүнүүдийнхээ зэрэгцээ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, иргэдэд амталгаа хийлгэн, үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

Мах Импекс” ХК-ийн маркетингийн менежер Х.Золбоо “Мах Импекс ХК нь Монголын хүнсний салбарт 80 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч. Энэ хугацаанд бид олон жилийн уламжлал, туршлагаа хадгалан, орчин үеийн технологитой хослуулж, хэрэглэгчдэдээ чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхийг зорьж байна” хэмээн ярьсан юм. Тус компани энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүнээрээ “Chorizo” бүтэн утлагат хиамыг сонгожээ. Бага зэргийн халуун ногоотой амтанд дуртай хэрэглэгчдэд зориулсан уг бүтээгдэхүүнийг энд ирсэн үйлчлүүлэгчид амталж үзэх боломжтой. Мөн “Мах Импекс”-ийн асраар үйлчлүүлсэн иргэд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр худалдан авахын зэрэгцээ хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой байлаа.

- "МОРГАН" БРЕНДИЙН ТАВАН ТӨРЛИЙН ШИНЭ ТАЛХЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА - 

Харин “Талх Чихэр” ХК-ийн асар мөн олны хөл хөдөлгөөнөөр дүүрэн байв. Талх Чихэр ХК-ийн маркетингийн ахлах менежер С.Мягмарцэрэн бидэнд бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Түүний хэлснээр "Талх чихэр" ХК энэ жилийн үзэсгэлэн худалдаанд “Морган” брэндийн таван төрлийн шинэ талх, “Хотол” брэндийн бейкери бүтээгдэхүүнүүд болон хар будааны орцтой шинэ артизан талх зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулжээ.

Тэдний шинээр танилцуулж буй таван төрлийн талх иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байлаа. Тухайлбал, чиа үр, зөгийн балтай, шоколадтай, ногоон сонгинотой, хулууны үртэй, наранцэцгийн үртэй гэсэн сонголттой. Уламжлалт талхны хэрэглээг шинэ орц, амтаар баяжуулсан бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн талархлыг хүртэж байгааг тэд онцолж байлаа. 

Үүгээр зогсохгүй хүн бүрийн сайн мэдэх давхраат нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болон “Сарьдаг” брэндийн бүхэл үрийн, шоколадтай жигнэмэг, чихэр зэрэг бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрийн үнээр худалдаалж байлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд нэг хэсэгт нь намрын шинэ ургацын ногоо, нөгөө хэсэгт нь мах, махан бүтээгдэхүүн, талх нарийн боов, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд эгнэж, иргэд хэрэгцээт хүнсээ сонгон худалдан авч байна. “Намрын ногоон өдрүүд” нь зөвхөн шинэ ургацын ногоо худалдаалдаг арга хэмжээ байхаа больж дотоодын үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд танилцуулж, иргэд бүтээгдэхүүнээ амталж, сонголтоо хийх боломж бүрдсэн өргөн хүрээний үзэсгэлэн худалдаа болон өргөжжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө