Б.Бат-Эрдэнэ: Шугамын радио, МҮОНРТ, Сэргээгдэх эрчим хүч зэрэг "хэрэглэдэггүй" зардалд мөнгө төлдөг явдлыг зогсоох боломжтой

Б.Бат-Эрдэнэ: Шугамын радио, МҮОНРТ, Сэргээгдэх эрчим хүч зэрэг "хэрэглэдэггүй" зардалд мөнгө төлдөг явдлыг зогсоох боломжтой

Иргэд бид өдөр тутам хэрэглэсэн цахилгааны төлбөрөө сард нэг удаа төлдөг. Ингэхдээ нэхэмжилсэн үнийн дүнгийн дагуу бөөнд нь төлөлт хийдгээс бус төлбөрийн задаргааг тэр бүр анхаарч, харж уншдаггүй. Харин сүүлийн үед иргэд хэрэглэдэггүй хэрэглээндээ мөнгө төлж буй асуудлыг ихээхэн хөндөх боллоо. Тэгвэл бид энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

СОНСОХ:

-ХУУЛИНД ЗААСАН БОЛ ТӨЛӨХӨӨС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ. ТИЙМЭЭС ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ АРГА БАЙХГҮЙ-

-Сүүлийн үед иргэд хэрэглэгддэггүй хэрэглээний зардлыг төлж буй асуудлыг нэлээдгүй ярих боллоо. Ер нь иргэд яг ямар төрлийн үйлчилгээг огт авдаггүй хэрнээ төлбөрийг нь төлж байна вэ?

-Иргэд шугамын радионы төлбөр, МҮОНРТ-ийн хураамж, Сэргээгдэх эрчим хүч ашигласны төлбөр, усны суурь хураамж зэргийг огт хэрэглэдэггүй хэрнээ төлөөд байна гэдэг асуудлыг их ярьдаг. Эдгээрийг тус бүрд нь авч үзье.

  • Нэгдүгээрт, шугаман радионы төлбөрийн асуудал. Сүүлийн үед баригдсан барилгууд шугамын радионы сувагчлал ч хийгдээгүй байхад төлбөр авч байна. Энэ нь мэдээж байж болохгүй зүйл.
  • Хоёрдугаарт, МҮОНРТ-ийн хураамжийн асуудал дээр иргэд “Бид Univision, DDISH, Skymedia зэрэг олон суваг дамжуулалтын компаниудад хангалттай мөнгө төлдөг. Тухайн компаниуд нь өөрсдөө хэрэглээний айл өрхүүдийнхээ тоогоор МҮОНРТ-д суурь хураамж төлөх хэрэгтэй. Бид давхардуулж тус телевизэд төлбөр төлж байна гэдэг.
  • Гуравдахь нь цахилгааны суурь хураамжийн төлбөртэй холбоотой асуудал. Үүнийг иргэдийн зүгээс “бид цахилгааны гүйж буй килловаттараа төлбөрөө төлөх ёстой. Гэтэл давхар суурь мөнгө төлөөд байна” гэдэг. Дөрөвдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний төлбөр байна. Цахилгаан хэрэглэж буй өрхүүд яагаад заавал сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг төлж байгаа юм гэдэг асуудал гаргаж ирдэг. Түүнчлэн усны суурь үнэтэй холбоотой асуудал зэргийг нэрлэж болно.

-Чухам ямар үндэслэлээр иргэд эдгээр зардлыг төлж байгаа юм бэ. Энэ талаар та уншигчдад тайлбарлаж өгөөч.

-Тухайлбал, МҮОНРТ-ийн төлбөрийг хуульд төлөх ёстой гэж заасан байдаг. Хуулиндаа хэрэглэгч буюу эцсийн хэрэглэгч төлнө гэж заасан тул төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. МҮОНРТ иргэдийн хураамжаас үйл ажиллагааныхаа зардлыг нөхөж, тэжээгдэж, тодорхой хэмжээгээр техникийн шинэчлэлтээ хийж байдаг байгууллага. Тиймээс энэ тал дээр судалгаа шинжилгээ хийсний үр дүнд тодорхой шийдэл, хариултыг иргэдэд өгөх нь зүйтэй. Харин цахилгааны суурь үнэтэй холбоотой асуудал нь үндэсний аюулгүй байдал, цахилгаан, усны хангамж зэрэгтэй уялдаа, хамааралтай зүйл юм. Иргэн крантаа нээхэд ус гоожиж байх ёстой. Тэгэхээр гоожиж байх ёстой тэрхүү нөхцөл нь өөрөө суурь хураамж дээр бодогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл заавал хэрэглэснээрээ төлөх биш,  цоргоо нээхэд ус гарч байх тэрхүү боломжийг хангаж байгаа учраас төлөгдөж байгаа гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийн хувьд Эрчим хүчний тухай хуульд төлөх ёстой гээд  заачихсан байдаг учраас төлөхөөс өөр арга байхгүй. Түүнчлэн шугамын радиогийн төлбөрийн тухайд үнэхээр суваг нь ч тавигдаагүй байхад ашиглалтын төлбөр төлнө гэдэг үндэслэлгүй зүйл юм.

-Тэгвэл хуулийн хүрээнд эдгээр асуудлыг бүрэн өөрчлөх хэр боломжтой гэж харж байна?

-Шугамын радионы төлбөр гэхэд л МҮОНРТ-ийн хуульд төлөх ёстой гээд заагдчихсан байдаг. Гэтэл тэрхүү хуульд хэзээ хамгийн сүүлд засвар орж, шинэчлэгдсэн бэ гэдэг нь маргаантай. Эдгээр хуулийг баталж байхад Univision, Skymedia, тэр байтугай Сансар кабелын телевиз ч байгаагүй шүү дээ. Тэр үед батлагдсан хууль, дүрэм одооны нөхцөл байдалд шал өөр болчхоод байна. Гэсэн ч эдгээр асуудалд хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзвэл хийх л ёстой. Бидний зүгээс тухайн хууль шинэчлэгдсэн найруулга байх эсэх, эсвэл нэмэлт өөрчлөлт орох эсэх болон зарцуулагдах цаг хугацааг судалж байна. Үүний тулд хуульд хэзээ хамгийн сүүлд өөрчлөлт орсон, Монгол Улсын нийгэм, зах зээл, эдийн засгийн хөгжил болон бусад зүйл хууль баталсан үеэс ямар түвшинд очсон байна гэдгийг харьцуулж харах хэрэгтэй болно. Дараа нь дүгнэлтүүдээ гаргаж, шаардлагатай тохиолдолд хуулийг өөрчлөх тухай УИХ-ын гишүүдтэй ярьж, зөвшилцөх, хамтран ажиллах процесс үүсгэнэ гэсэн үг юм. 

-НӨАТ ДАВХАРДУУЛАН ТӨЛӨХ ЯМАР НЭГЭН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ-

-Хуульд өөрчлөлт оруулахаас өөрөөр шийдэх нөхцөл боломж бий юү?

-Жишээ дурдвал усны үнэ тарифтай холбоотой асуудлыг би ярьсан шүү дээ. Цорго онгойход л ус гоождог байхын тулд төр ажиллаж байгаа гэж. Тухайн хэрэглэгч гоожсон усныхаа төлбөрийг л төлөх ёстой гэж боддог. Гэтэл цаана нь усыг дамжуулж буй шугам хоолойн  ариутгал халдваргүйжүүлэлт, засвар зэргийг хэн ямар зардлаар хариуцаж хийх вэ гэх мэт маш олон асуудал гарч ирнэ. Энэ зардлыг хэрэглэсэн усны тоолууртай нь холбож, суурь хураамжгүйгээр тооцсон ч адилхан хэмжээний л төлбөр гарна шүү дээ. Тиймээс иргэд ус, дулаан танайд очихын тулд ямар шат дамжлагыг дамжиж буй, тус бүрийн зардлыг хэн хариуцаж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бүхнийг харгалзан тухайн цаг үед уялдаатай шийдэж болох хууль дагалдан гарах журам гэж байдаг. Тэрхүү журмаар зохицуулах боломжтой эсэхийг ч мөн судлах хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс хэрэглэдэггүй хэрэглээний төлбөрийн тухайд ямар санал гомдлыг танайд ирүүлж байна вэ?

-Дээр дурдсан асуудлуудаас гадна НӨАТ-ын төлбөр давхцуулахгүй байх асуудлыг ярьж байгаа. Тухайлбал, иргэн цахилгааны төлбөр дээр НӨАТ төлчхөөд, сэргээгдэх эрчим хүч дээр дахин НӨАТ төлөх асуудал гардаг. Мөн төлбөрийн баримт гэж 50 төгрөгийг нэмж авах тохиолдол гарч байна. Төлбөрийн баримтыг цахимаар шийдэх хэрэгтэй шүү дээ. Харин НӨАТ-ын төлбөр давхцуулахгүй байх асуудал дээр бид анхааран ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 15-аас айлуудын дулааны хангамж өгч эхэлсэнтэй холбоотойгоор гомдлууд ирсэн. Байшингийн дулааны зохицуулалт гаднах агаарын температуртай уялдаж хийгддэг. Гэтэл иргэд дулаан бүрэн ирээгүй байхад яагаад бүтэн төлбөрийг төлөх ёстой юм бэ гэсэн гомдлыг ирүүлж байна. Энэ асуудал дээр ч мөн ажиллаж байгаа. Үндсэн суурь судалгаа, цаашдын зах зээлд нөлөөлөх нөлөөллийг судалж, асуудалд ул суурьтай хандах нь чухал.

-Цахилгааны төлбөр хэд төлөхөөс хамаарч есөн хувийн НӨАТ-ын төлбөр төлж байна гэдэг. Ингэж төлөх нь хэр үндэслэлтэй юм бэ?

-НӨАТ-ын төлбөрийг эцсийн хэрэглэгч төлөх л үүрэгтэй. Нөгөө талаар эцсийн хэрэглэгч төлж байна гэдэг нь НӨАТ-ын тодорхой зардал шингэчихсэн бараа бүтээгдэхүүнийг бид авч байна гэсэн үг. Харин НӨАТ-ыг давхардуулан төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Тэгэхээр тухайн НӨАТ олгогдох бүтээгдэхүүн нь өөрөө ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгийг харах хэрэгтэй.

-Өвлийн улиралд нүүрс төлөхгүйн тулд 100 хувь цахилгаанаар дулаанаа шийдэж буй айл  өрхүүд байна. Гэтэл энэ айлууд утаагүй, агаарын бохирдол үүсгэхгүй байсныхаа төлөө сэргээгдэх эрчим хүчний зардалд энгийн өрхүүдээс илүү төлбөрийг төлж байна шүү дээ. Энэ тал дээр уян хатан байх боломж бололцоо бий юү?

-Хоёр хоногийн өмнөөс буюу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн айл өрхүүдийн шөнийн тарифыг нийтээр нь тэглэж эхэлсэн шүү дээ. Гэтэл үүн дээр зөрүүний асуудал гараад байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Нүхтийн аманд тэр чигээрээ хувийн хаустай, тодорхой хэмжээний мөнгөний боломжтой, санхүүгийн чадамжтай айл өрхүүд амьдардаг. Гэтэл яагаад заавал хаус хорооллыг цахилгаанаас чөлөөлөх ёстой юм бэ, үүний оронд гэр хорооллын иргэд, дэд бүтцэд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийг шөнийн цагаар халаахад хөнгөлөлт үзүүлж, цахилгааныг нь тэглэж болдоггүй юм уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Нүхтийн аманд амьдардаг хаус хорооллын нэг өрх дунджаар 400-500 м.кв талбайтай байшинг цахилгаанаар халааж байхад гэр хорооллын айлууд 20-40 метрийн талбайг халаахад л эрчим хүч ашиглана шүү дээ.  Цахилгааны хөнгөлөлт тогтоосон айл өрхүүдийн санхүүгийн байдал нь ялгаатай байхад адилхан хөнгөлөлт үзүүлээд байж болохгүй. Тэгэхээр цагийн үйлчлэл болон  хамрагдах хүрээллийн асуудлыг судалж,  цахилгааны ялгавартай тарифыг бий болгох нь зүйтэй. Үүн дээр эрчим хүчний зохицуулах хороо ажиллах хэрэгтэй байна.

-СУУРЬ ХУРААМЖ ГЭЖ АВЧ БАЙГАА Л БОЛ ТЭР НЬ ЭРГЭЭД ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЗАРЦУУЛАГДДАГ БАЙХ ЁСТОЙ-

-Зөвхөн хууль, төр гэлтгүйгээр иргэдийн зүгээс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Орхон аймагт ажиллахад иргэд усны үнэ нэмэгдсэн талаар хэлж, бухимдлаа илэрхийлж байсан юм. Гэтэл иргэдээс литр усыг хэдэн төгрөгөөр авдаг талаар асуухад мэдэх хүн маш ховор байсан.  Иргэд хэрэглэж буй усныхаа мөнгөнөөс гадна, хэмжээг ч мэдэхгүй байна. Тухайлбал, нэг ширхэг янжуур тамхийг ТҮЦ-ээс 200 төгрөгөөр авдаг. Гэтэл нэг айлд нэг хүн 200 литр усыг 200 төгрөгөөр хэрэглэж байна. Тамхины үнээ тоодоггүй хэрнээ өдөр тутмын усны үнээ анхаараад бухимдаад байдаг нь сонин. Нэг литр усны зардал 11 төгрөг, хэрэглээний зардал нь нэг төгрөг. Нэг литр тутмаас төр 10 төгрөгийг нь дааж байдаг. Иргэд өөрсдөө амьдралынх нь наад захын хэрэгцээг төр дааж ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл гаднын орнуудын жишээн дээр яръя. Бусад орнуудын хувьд энэ асуудлуудыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

-Гадаадын орнуудад хөгжсөн, хөгжөөгүй, буурай гэдгээс шалтгаалж янз бүр байдаг. Хөгжсөн орны тухайд тоолуураар энэ төрлийн асуудлаа шийддэг. Манай орны хувьд усны алдагдлыг хэрхэн тооцох  вэ, аль орны тоолуурыг хэрэглэж, баталгаажуулалтыг хаана хийлгэх хэрэгтэй вэ гэх мэт асуудлуудад юун түрүүнд анхаарах хэрэгтэй. Монголд одоогоор Хятад, Орос, Европын гээд янз бүрийн тоолуур ашиглаж байна. Тиймээс тогтсон нэг газраас тоолуур авч баталгаажуулалтыг нь ч нэг газарт хийлгэж, хэмжих хэрэгтэй. Тэгэхээр төр дэх стандартыг яаж нэг болгох вэ гэдэг асуудлыг маш сайн бодох хэрэгтэй болоод байна.

-Хуулийн хүрээнд болон бусад төрлийн зохицуулалтыг хийснээр хэрэглэдэггүй зардалд төлбөр төлөх асуудлыг бүрэн зогсоох боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Хүн яагаад хэрэглэдэггүй хэрэглээний төлбөрийг төлөх ёстой юм бэ. Нэг айлаас 500 төгрөгийн хураамж авлаа гэхэд цаашлаад хэдэн зуун мянган өрхийн 500 төгрөг хэдэн зуун сая төгрөг болно.  Гэтэл тэр мөнгө хаашаа очиж, юунд зарцуулагдаад байна вэ. Тухайн байгууллагын ямар нэг албан тушаалтны хангамжийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна уу, эсвэл үнэхээр оршин суугч, иргэд рүү чиглэж чадаж байна уу гэдгийг судалж үзэх шаардлагатай. Суурь үнэ гэж яригдаж байгаа л бол тэр нь эргээд зарцуулагддаг л байх ёстой. Тухайлбал тухайн үйлчилгээ илүү технологижих, иргэдэд гар утсаараа хэрэглээгээ хянах боломжийг бүрдүүлж өгөх, тоолуураа хянах боломжтой болох зэрэг тодорхой хэмжээний зардал руу шингэж байх хэрэгтэй. Хэрэглэдэггүй хэрэглээний мөнгийг төлөх нь шударга бус явдал. Бид холбогдох байгууллагуудтай ярилцаж, одоогийн байгаа нөхцөл байдал, зах зээлийн нөлөөлөл болон эргээд төрийн дааж буй асуудлууд хэр хэмжээнд хүндрэх зэргийг тооцох гэх мэт судалгаа шинжилгээний асуудал дээр ажиллаж байна.  Судалгаа, шинжилгээ хийсний дараа хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ярьж, шийднэ.