Хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр “Монгол гэрийг ажлын оффисоо болгосон гадаад залуу” хэмээх тайлбартай зураг түгж, олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлсэн билээ. Алс холын Нидерландад “сүндэрлэсэн” уг гэр оффисийн эзнийг Рован Ли Харцуйкер гэдэг. Рован Ли Харцуйкер 18 настайдаа анх Монголд ирж, Монгол ардын хөгжмийн урлагт “дурлажээ”. Үүнээс хойш бие даан морин хуур тоглож сурсан төдийгүй, дөрвөн жилийн өмнөөс монгол гэрийг ажлын оффисоо болгон ашиглаж эхэлсэн байна. Бид түүний өвөрмөц гэр оффисоор зочилж, чухам яагаад монгол гэрийг ажлын байраа болгож ашиглах болсон талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
-ГЭР ОФФИСТ АЖИЛЛАДАГ ГЭДГЭЭР МИНЬ БҮГД
НАМАЙГ МЭДДЭГ-
-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны талаарх мэдээлэл Монголын цахим сүлжээнд гарч хүмүүс их эерэгээр хүлээж авч байна. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач.
-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Намайг Рован Ли Харцуйкер гэдэг. Би Нидерландад төрж өссөн. Одоо Нидерландын нэгэн жижиг хотод эхнэр н.Саран болон хүүгийн хамт амьдарч байна. Хүү маань таван настай. Би мэргэжлийн график дизайнер, вэб дизайнер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байна. Үүнээс гадна би хөгжим сонирхдог. Хөгжмийн зэмсэг цуглуулах дуртай. Надад төрөл бүрийн морин хуур, товшуур гэх мэт хөгжмийн зэмсгүүд бий.
-Яагаад монгол гэрийг оффисоо болгож ашиглах болсон юм бэ.
-Монгол гэрийг ажлын өрөөгөөрөө ашиглах болсон янз бүрийн шалтгаан бий.
- Нэгдүгээрт, монгол гэрээс бүх зүйлс үзэсгэлэнтэй харагддаг. Сая хэлсэнчлэн би график дизайнер мэргэжилтэй. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж үргэлж, гоё сайхан зүйлийг эрэлхийлж байдаг. Монгол гэр харагдах байдлаасаа үнэхээр гоёмсог. Ялангуяа дотроос нь харахад хана, тооно зэрэг нь их үзэсгэлэнтэй, сайхан харагддаг.
- Хоёрдугаарт, би дөрвөн жилийн турш гэр оффисоо хувийн бизнестээ ашиглаж байна. Нөгөө талаар монгол гэр миний ажлын брэнд болсон гэж хэлж болно. Өвөрмөц гэр оффисд ажилладаг гэдгээр минь бүгд намайг мэддэг.
- Гуравдугаарт, би гэр оффистоо хөгжмөөр хичээллэж, хөгжим зохиох дуртай. Хөгжим тоглож буй бичлэгээ Монгол гэрт хийхэд сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна сайхан дүр төрхийг бүрдүүлж өгдөг.
-Та гэрээ өөрөө барьсан уу.
-Харамсалтай нь үгүй ээ. Гэхдээ би аавтайгаа модоор эд зүйл хийх их дуртай. Бид хамтдаа төрөл бүрийн модон тавилга урладаг. Ааваасаа би олон зүйлсийг сурч мэдсэн. Гэрийн унь, тооно, хана зэрэг ихэнх зүйлийг Монголоос оруулж ирээд барьсан.
-Танай гэр их өвөрмөц тохижилттой юм. Монгол хэв маягийг харуулсан зүйлс ч цөөнгүй харагдаж байна?
-Тийм ээ. Би Монголын уламжлалыг харуулсан эд зүйлсийг аль болох олон байлгахыг хичээсэн. Гэхдээ та ажиглаж байвал ихэнх нь орчин үеийн хэв маягийг шингээсэн байгаа. Мөн Монгол олон жил амьдарч буй Стив Морелийн монгол бичгээр бичсэн уран бичлэгүүд ч хананд маань өлгөөтэй байна. Стив Морелыг Монгол соёл, уламжлалыг суралцдаг гэдгээр нь олон хүн мэдэх байх аа. Тэр бол их сайн залуу.
-Энэ зуухыг хаанаас авсан бэ. Өвлийн улиралд юугаар галладаг вэ.
-Энэ зуух бол манай улсаас импортолж оруулж ирдэг Монголын уламжлалт зуух байгаа юм. Өвөл би зуухгүйгээр ажиллаж чадахгүй. Учир нь энд маш хүйтэн байдаг. Би сайн чанарын хатаасан мод түлж гэрээ дулаацуулдаг. Энд утааны хэмжээ бага байх ёстой. Чанар муутай мод ашиглавал хэт их утаа үүсгэдэг бөгөөд Нидерландад үүнийг зөвшөөрдөггүй. Мөн эхнэр хүү бид гурав үе үе Монгол тогоо ашиглан уламжлалт хоол, цай хийх дуртай. Ялангуяа цуйван хийх их дуртай.
-МОНГОЛЧУУД ХҮҮХДЭЭ ӨСГӨХДӨӨ АРДЫН ДУУ, ХӨГЖИМ СУРГАДАГ НЬ ИХ ГАЙХАМШИГТАЙ САНАГДДАГ -
-Монгол гэрт дөрвөн жилийн турш ажилласан юм байна. Ер нь монгол гэрийн давуу тал нь юундаа байдаг юм шиг санагдаж байна?
-Тийм ээ, би гэртээ ажиллах үнэхээр дуртай. Гэр бол маш тохилог, сайхан ажлын орчин юм. Анх бид таван ханатай монгол гэр барьж байсан. Гэхдээ хэтэрхий том байсан тул дөрвөн ханатай болгож өөрчилсөн. Миний хувьд монгол гэр ямар ч байшингаас илүү тохилог сайхан байдаг.Гэхдээ Европд монгол гэрийг ашиглахад хэд хэдэн бэрхшээл тулгардаг. Нидерландын уур амьсгал Монголтой харьцуулахад тэс өөр. Монголын уур амьсгал илүү хуурай шүү дээ. Харин энд маш чийглэг, ялангуяа намар, өвлийн улиралд маш их бороо ордог. Заримдаа хэдэн долоо хоног үргэлжлэн бороо ордог. Манай гэр тэнгисээс 3 км-ийн зайд байдаг болохоор энэ хавьд маш чийглэг уур амьсгалтай. Тиймээс гэрийг аль болох хуурай байлгахад анхаардаг.
-Ярилцлагынхаа сэдвийг арай өөр тийш нь хандуулъя. Та Монголд ирж байсан уу. Монголын талаар хэр их мэдэх вэ.
-Монголд анх 18 настайдаа очиж байсан. Үүнээс хойш олон удаа очсон. Би одоо 33 настай. Монгол соёл, уламжлалын талаар өөрийгөө нэлээд сайн мэддэг гэж боддог. Мэдээж би мэргэжлийн шинжээч биш л дээ. Гэхдээ Монголын соёлыг биеэр мэдэрсний хувьд багагүй зүйлсийг мэддэг болсон.
-Таны морин хуур тоглож байгаа бичлэгийн үзлээ. Морин хуур тоглодог юм уу. Хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Тийм ээ би морин хуур тоглодог. Гэхдээ мэргэжлийн тоглогч гэхээсээ илүү сонирхогч хүн гэвэл онох байх. Морин хуурыг эхэндээ CD сонсох, YouTube-ээс хөгжмийн бичлэг үзэх зэргээр өөрөө бие даан сурсан. Яваандаа хөгжимчдөөс тусламж авч, илүү нарийн арга техникүүдийг сурч авсан. Мөн би дуу бичихдээ хөгжмөө морин хууран дээр бичдэг.
-Монголын ямар соёл, ёс заншил танд өвөрмөц, эсвэл гайхмаар санагддаг вэ.
-Би анхнаасаа л Монголын хөгжмийн соёлд маш их татагдсан. Монгол бол маш баялаг бөгөөд хүчтэй хөгжмийн соёлтой улс. Зөвхөн морин хуур хөөмийгөөр хязгаарлагдах бус ятга, цуур, лимбэ, ёочин гэх мэт хөгжмийн олон төрөл бий шүү дээ. Монголчууд хүүхдүүдээ өсөж хүмүүжүүлэхдээ ардын хөгжим, дуу сургадаг нь их гайхамшигтай санагддаг. Недарландчууд бидэнд ийм дууны уламжлал байдаггүй. Гэхдээ эрт үед байсан л байх.
-Эхнэр тань Монгол хүн юм байна. Яаж танилцсан түүхээсээ хуваалцаж болох уу.
Тийм ээ, бид одоогоос 10 жилийн өмнө танилцсан. Тухайн үед би орон нутгийн сонины газарт Монгол хөгжим сонирхдог болсон тухай жижигхэн ярилцлага өгч байсан юм. Харин эхнэр маань тэр нийтлэлийг олж уншаад надтай холбоо барьж байсан. Бид анх Монгол орны тухай ярих, аялах зэргээр хамтдаа цагийг өнгөрөөж танилцаж байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
-Маш их баярлалаа.