ТАНИЛЦ: “АстраЗенека” болон “Вероселл” вакцины ХОЁР дахь тунгийн хугацааны талаарх АЛБАН ЁСНЫ судалгаа

ТАНИЛЦ: “АстраЗенека” болон “Вероселл” вакцины ХОЁР дахь тунгийн хугацааны талаарх АЛБАН ЁСНЫ судалгаа

Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-аас 25-ныг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан. Энэ хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлж, “2021 оны 05 дугаар сарын  1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тун, 50-аас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна” хэмээн мэдээлж байв.

Гэвч уг шийдвэр гарсны орой/2021.04.09 23:57 цагт/ Эрүүл мэндийн яамнаас хөл хорионы хугацаанд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй болсныг мэдэгдсэн.

Ингэхдээ “COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарч буйг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна” хэмээн тайлбарласан юм.

Уг шийдвэртэй холбоотойгоор хөл хорионы хугацаанд вакцины хоёр дахь тунгаа тариулах байсан иргэдийн асуудал хөндөгдлөө. Тодруулбал, ЭМЯ-ны мэдээлснээр “АстраЗенека” вакциныг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 15-аас, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакциныг тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 20-оос хоёр дахь тунд хамрагдах төлөвлөгөөтэй байсан юм. Гэсэн ч вакцинжуулалт 15 хоног зогссоноор иргэдийн хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа ч хойшилж байгаа юм.

Тэгвэл тун хоорондын зай хамгийн ихдээ хэдэн хоног хойшлох боломжтой талаар үйлдвэрлэгч орнуудын албан ёсны вэбсайт болон олон улсын хэвлэлд гарсан мэдээллийг та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.

-ДЭМБ “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ 4-12 ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ХИЙЛГЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ-

Их Британийн “АстраЗенека” болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “AZD1222” буюу “Covishield” хэмээх уг векторийн вируст суурилсан вакцины тун хоорондын зай нь 4-12 долоо хоног ДЭМБ-ын судалгааны тайланд бичжээ.

ДЭМБ-ын тус вакцинд зөвшөөрөл олгохдоо гаргасан “вакцин ашиглах түр зөвлөмжид” бичсэнээр “Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний шошгоны дагуу вакциныг 4-12 долоо хоногийн зайтай хийж болно. Хоёр тунгийн үр дүн ба дархлаа үүсгэх чанар нь тун хоорондын зай ихсэх тусам нэмэгддэг гэсэн ажиглалтын дагуу ДЭМБ-аас тун хоорондын зайг 8-12 долоо хоног байхыг зөвлөж байна.

Хэрэв эхний тунгаас хойш 4 долоо хоноогүй байхад хоёр дахь тунг санамсаргүйгээр хийсэн бол тунг давтан хийх шаардлагагүй болно. Хэрэв хоёр дахь тунг санамсаргүй байдлаар 12 долоо хоногоос дээш хугацаанд хойшлуулбал аль болох эрт хийх хэрэгтэй” гэжээ /Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү/.

Өөрөөр хэлбэл, хоёр дахь тунгийн хугацааг 12 долоо хоногоос хэтрүүлж болох ч заасан хугацаанаас аль болох хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ.

Харин вакцины шошго дээр хоёр дахь тунг “4-12 долоо хоногийн зайтай хийж болно” гэж бичжээ. Их Британи улсын хувьд дээрх зөвлөмжийг дагаж байна. Мөн БНСУ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 8-12 хоногийн зайтай вакцины хоёр дахь тунг хийж байна.

ВАКЦИНЫ ХОРИГЛОХ ЗААЛТ. Вакцины аль нэг бүрэлдэхүүн хэсэгт анафилакси/харшил/ үзүүлж байсан түүх нь вакцинжуулалтын эсрэг заалт юм. Энэ вакцины эхний тунг тариулсны дараа анафилаксийн урвал үзүүлсэн хүмүүс тухайн вакцины хоёр дахь тунг хийлгэж болохгүй. Үүнээс гадна халууралттай цочмог өвчтэй хүн (биеийн температур 38.5 С-ээс дээш) вакцин хийлгэх хугацаагаа халуун бууртал хойшлуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч хөнгөн ханиад, бага зэрэг халуурах шинж тэмдгийн улмаас вакцинжуулалтыг хойшлуулах ёсгүй. Эмнэлзүйн туршилтад хамрагдсан хавсарсан өвчинд таргалалт, зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, чихрийн шижин зэрэг оржээ. Эдгээр хүнд хэлбэрийн COVID-19-ийн эрсдлийг нэмэгдүүлдэг учрээс хавсарсан өвчтэй бол вакцин хийлгэхийг зөвлөж байна/Вакцины хориглох заалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/.

-БНХАУ-ЫН “ВЕРОСЕЛЛ” ВАКЦИНЫ ТУН ХООРОНДЫН ЗАЙ 56 ХОНОГ БАЙЖ БОЛНО ГЭВ-

БНХАУ-ын хоёр вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ одоогийн байдлаар судалж байна. ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад бичсэнээр дөрөвдүгээр сарын дундуур “Синофарм” болон “Синовак” вакцинуудад зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа талаар бичжээ. Тиймээс манай улсад хэрэглэж буй “Синофарм”  үйлдвэрийн “Вероселл”/Verocell/ вакцины талаар ДЭМБ-ын судалгааны тайлан, зөвлөмж зэрэг гараагүй байна.

ДЭМБ вэбсайтад байрлуулсан вакцинууудын мэдээлэл

Харин БНХАУ-ын төрийн албан ёсны вэбсайтад бичсэнээр “Вероселл вакцины хоёр дахь тунг нэг дэх тунгаас хойш хамгийн багадаа 21 хоногийн дараа, хамгийн уртдаа 56 хоногийн дотор хийлгэж болно” гэжээ. Тус улс өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр вакцины зөвлөмжөө шинэчилж гаргахдаа 56 хоног байж болохыг зарласан юм. Түүнчлэн тус улсын Эрүүл мэндийн хорооноос гаргасан зөвлөмжид ч үүнийг бататгаж “вакцины хоёр дахь тунг найман 7 хоногийн дотор/56 хоног/ амжиж хийлгэж болно” гэжээ/Вакцины шинэчилсэн зөвлөмжийн талаарх мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү/.

Тус вакцин нь вирусийг идэвхгүйжүүлэх/зарим эрдэмтэн сулруулсан вирус гэдэг/ аргаар бүтээгдсэн бөгөөд гурав дахь шатны эмнэл зүйн туршилтыг Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Перу, Марокко, Аргентин, Иордан, Пакистан зэрэг дэлхийн 10 оронд явуулсан юм.

ХОРИГЛОХ ЗААЛТ. “Vero Cell” вакцины зургаан тусдаа судалгааны өгөгдөлд дурдсанаар аюулгүй байдлын үүднээс дараах бүлгийн иргэдийг туршилтад хамруулаагүй байна. Үүнд:

  • Харшил, таталт, эпилепси, энцефалопати, психозын өвчний түүхтэй эсвэл гэр бүлээс удамшсан ижил өвчний түүхтэй
  • Вакцины найрлагад орсон аль нэг бодис, бүрэлдэхүүн хэсгээс харшилтай. Эсвэл цочмог харшлын урвал, чонон хөрвөс, арьсны экзем, амьсгаа давхцах, ангионеврозын хаван, хэвлийгээр өвдөх гэх мэт вакцины хүчтэй гаж урвал илэрч байсан түүхтэй.
  • Дархлал хомстол, хорт хавдрын эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа. Эсвэл ХДХВ-ийн шалтгаант гипо дархлаа бүхий өвчтөнүүд, төрөлхийн болон удамшсан дархлааны өвчтэй
  • Вакцинд хамрагдахаас дор хаяж нэг сарын өмнө өвөрмөц бус иммуноглобулинын тарилга хийлгэсэн
  • Элэг, бөөр, амьсгалын зам, зүрх судасны өвчин болон хорт хавдраар хүндээр өвчилсөн.
  • Эмийн хяналтаас гадуур чихрийн шижин өвчний хүндрэлтэй. Янз бүрийн архаг болон цочмог суурь өвчтэй. Арьсны халдварт, идээт болон харшлын өвчтэй (Үүнд элэгний гепатит “B” болон “C” вирусийн халдвараар өвчилсөн хүнийг тусгайлан онцлоогүй болно)
  • Цочмог болон халдварт өвчний улмаас биеийн температур 37 хэмээс дээш халуурсан
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

Дээр дурдсанчлан ДЭМБ тус вакцинд зөвшөөрөл олгоогүй хэвээр байна. Тодруулбал, ахмад настнуудад хийсэн туршилтын мэдээлэл дутмаг байна гэжээ. Харин Хятадын мэргэжилтнүүд ахмад настнуудын талаарх мэдээлэл хомс байгаа нь зөвшөөрөл олгох үйл явцад саад учруулах асуудал биш гэж үзэж байна.

Эх сурвалж: WHO, National health commission of the People's Republic of China, Globaltimes, DW