032-Р АНГИЙН ЦЭРЭГ Х: Ухаан муутай хэдхэн хүний үйлдлээс болж ямар ч гэмгүй дарга нар маань хэлмэгдчихлээ

032-Р АНГИЙН ЦЭРЭГ Х: Ухаан муутай хэдхэн хүний үйлдлээс болж ямар ч гэмгүй дарга нар маань хэлмэгдчихлээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцан, “дэглэж” буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж иргэдийн уур бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн билээ.

Улмаар прокурорын газраас мөрдлөг явуулж, хэдхэн хоногийн өмнө уг хэрэгт холбоотой гурван иргэнд тус бүр зургаан сар хорих ял оноосон. Ингээд тэд намтартаа "ял эдэлсэн" гэсэн түүхтэй болж үлдэж байна. Нөгөөтээгүүр бичлэгээс болж олон эцэг, эх “бүх цэргийн ангид дэглэлт байдаг” гэсэн ойлголттой болж хүүхдээ албанд явуулахаас эмээх болов. Тэгвэл уг бичлэгт гарсан залуустай хамт мөр зэрэгцэн алба хаасан байлдагч Х-ээс бид тухайн үед болсон явдлын талаар зарим зүйлийг тодрууллаа. Түүний хувьд нийгэмд үүсээд буй нэгэн буруу ойлголтыг залруулахыг хүссэн юм.  

-Сайн байна уу. Та цахим сүлжээнд цацагдсан бичлэгт гарсан 032  дугаар ангийн цэргүүдтэй алба хаасан юм байна.  Бидэнд тухайн үед болсон үйл явдлын талаар ярьж өгөөч?

-Тийм ээ. Бичлэг дээр гарсан дэглэж буй хал цэргүүдтэй бид тийм ч удаан хамт байгаагүй. Нийт таван сар алба хаасны хоёр сард нь л хамт байсан. Алба хаах хугацаанд бүх зүйл их эмх цэгцтэй байсан.

Ах бол ах. Дүү бол дүү. Ах нар нь дүү нараа, дүү нар нь ах нараа хүндэлдэг.

Гэвч ухаан муутай, ухамсар дорой хүмүүсийн нэг удаагийн үйлдэл ийм байдалд хүргэчихлээ. Дэглүүлсэн нэг залуу эмнэлэгт байгаа сураг байсан. Бичлэг цахим сүлжээнд цацагдаж, хүмүүс таних болсон учраас сэтгэл зүйн дарамтад орж эмчлүүлж байгаа гэсэн.

ЗХЖШ-ын харьяа 032 дугаар анги

-Таны хувьд тухайн үед шинэ цэрэг байсан. Алба хаах хугацаанд тань хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэх тохиолдол хэр гардаг байсан бэ

-Ер нь бол ухаан муутай, хийрхүү зарим нэг цэргийн дарга нараасаа нууцаар хийсэн үйлдэл байсан. Тэрнээс байнга ийм асуудал гардаггүй. Нууж хийсэн зүйлийг бид ч чимээгүй өнгөрөөснөөс эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байсан, ажилдаа, цэргүүддээ хайртай хичээл зүтгэлтэй дарга нар маань хэлмэгдэж, гэр бүл нь ч хохироод үлдлээ. “Ковидын хүнд хэцүү нөхцөлд ажилгүй боллоо” гээд тэд маань уйлаад явж байхыг харах үнэхээр хэцүү байсан.

-Тухайн үед байсан дарга нар тань ажлаасаа халагдсан юм уу?

-Яг ч тийм биш. Тушаал буурч хөдөө “цөлөгдсөн” гэх үү дээ. Хотод ажил, төрөлтэй, гэр бүл хүүхдүүдтэйгээ амьдарч байсан дарга нар маань, гэрээсээ хол томилогдсон. Анхнаасаа хотод төвхнөчихсөн байхад гэр бүлээрээ нүүнэ гэдэг маш хэцүү шүү дээ.

-Хэдэн даргад арга хэмжээ авсан юм бэ?

-Хоёр. Манай анги төрийн торгон цэрэг гэдэг утгаараа маш нэр хүндтэй. Өөр газар ороход ч хэцүү. Арайхийн орсон газраасаа гарч, ажилгүй үлдэхгүйн тулд аргагүйн эрхэнд босгосон бүхнээ орхиод хөдөө томилогдсон.

-Ер нь цэргүүд дэглүүллээ гэхэд дарга нартаа хэлдэг үү?

-Нэргүй судалгаа авдаг. Тэр судалгаагаар цэргүүд асуудлаа бичдэг.

-Судалгааны дагуу дарга нар асуудлыг үр дүнтэй шийдэж чаддаг уу?

-Мэдээж чадна. Нэргүй судалгаа болохоор цэргүүд энэ хүн ингэсэн, тэр хүн тэгсэн гээд ний нуугүй бичээд өгдөг. Дарга нар цэргийн дүрмийн дагуу шийтгэл ногдуулж маш яаралтай арга хэмжээ авдаг. Тэр нь ч үр дүнтэй байдаг. Одоо зэвсэгт хүчин шинээр өөрчлөгдөж, хал цэрэг гэж байхгүй, жилд нэг удаа л цэрэг татдаг болох гэж байгаа. Хал цэрэг гэж байхгүй болчихвол дэглэх асуудал болон харилцааны зөрчил гэж байхгүй болно гэж найдаж байна.