Б.Жавхлан: Цагаанхаднаас тусад нь нүүрс солилцох гаалийн талбай байгуулна

Б.Жавхлан: Цагаанхаднаас тусад нь нүүрс солилцох гаалийн талбай байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар хэд хэдэн томоохон асуудлуудын хүрээнд Засгийн газраас хэлэлцэн шийдвэрлээд байсан бол тэрхүү шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Ажлын байрыг дэмжих зээл амжилттай хэрэгжиж дууссан. Энэ хүрээнд 24 мянган зээлдэгч зээл авснаас 18 мянга нь иргэн, 5 мянга гаруй ААН-үүд хамрагдсан байна. Эдгээрийн цаана 125 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлийн хүүгийн татаасанд 56 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.

Энэ наймдугаар сарын НӨАТ-ын орлого 164 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүний үр дүнд төсвийн орлого 105 хувь буюу төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн нь зорилгоо биелүүлсэн гэж үзэж болно. Эдийн засгийн өсөлтийг хангах, дахин сэргээх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх хэрэгтэй. Манай эдийн засаг өнгөрсөн онтой харьцуулахад сэргэсэн хэдий ч хангалттай түвшинд очоогүй байна. Тиймээс эдийн засгаа хөгжүүлэх эхлэл болгожж, хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих, эргэлтийн хөрөнгийн зээлийг ААН болон иргэдэд олгоно. Үүнийг төв банк болон бусад банкнуудтай хамтран бодлогоо хэрэгжүүлнэ.

Мөн ковидын нөхцөл байдал экспортын биет хэмжээнд цохилт өгч байна. Гэсэн ч экспортын гол түүхийн эдүүдийн үнэ өндөр байгаа.  Өөрөөр хэлбэл, биет хэмжээгээрээ дутсан ч үүнийг үнийн өсөлтөөрөө нөхөж байгаа. Гэхдээ үнэ ийм өндөр байхад хангалттай биет хэмжээгээр экспортоо хийж чадахгүй байгаа нь харамсалтай, бид боломжоо алдсаар байна. Энэ бүхэнд Хятадын тал ч, манай тал ч буруугүй. Энэ бүхэн ковидын нөхцөл байдлаас шууд хамааралтай. БНХАУ-д коксожсон нүүрсний эрэлт өмнөх жилүүдээс өндөр байна. Тиймээс манай улс экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Гашуунсухайт боомт өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн ба цаашид Цагаан хаднаас тусад нь цоо шинээр чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбай ашиглалтад оруулна. Ингэснээр манай жолооч нар чингэлэгтэй нүүрсийг шууд буулгаж, Хятадын талаас хоосон машин ирж нүүрс ачуулаад явах горим руу шилжинэ гэсэн үг. Энэ талбай ашиглалтад орсноор ирэх оноос ковидгүй үеийнх шиг хэвийн нүүрсээ экспортолно” гэсэн байна.